sonin.mn
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
 
Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцов. Үүний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 
 
Одоогоос 25 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын сум бүрээс нэг нэг төлөөлөгч болон сонгогдсон Ардын их хурал 430 депутат шинэ Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэн баталж, энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаж байв.
 
Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.
 
1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болсон гэж судлаачид үздэг юм.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг