sonin.mn
Өнөөдөр шинэ Үндсэн хуулиа баталсаны 25 жилийн ой өдөр. Эл өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимидийн нэрэмжит шагналыг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан хүртсэн.
 
Энэ үеэр түүнтэй Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үүссэн эсэх, өөрчлөлтийн шалтгаан нөхцлийн талаар ярилцлаа.
 
-Юуны өмнө Б.Чимид агсаны нэрэмжит шагнал хүртсэнд баяр хүргэе.
 
-Ардын багш Б.Чимидээр овоглосон энэхүү нэр хүндтэй шагналыг миний бүтээлд өгч байгаад баярлаж байна. Цаашид эрч хүчтэй ажиллах урам зориг авлаа.
 
-Улс оронд нүүрлээд байгаа хямралыг арилгахын тулд өөрчлөлт оруулах шаардлагатай гэх судлаач нар байдаг?
 
-Би 1998 онд Үндсэн хуулийн эрх зүйн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийдэг хүний нэг. Үндсэн хууль маань түүхэн үүргээ гүйцэтгэсэн, чанартай сайн хууль юм. Олон улсын түвшинтэй харьцуулахад орчин цагийн нийтлэг жишгээ дагасан, биелэгдэх боломжтой хууль гэж хардаг. Одоо бол зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Үндсэн хууль бол өөрчлөгдөшгүй зүйл биш гэж миний багш Б.Чимид хэлж байсан юм.
 
Гэхдээ Үндсэн хуулиар бий болсон үнэт зүйл, амьдралаас шалгарсан суурь зарчмаа хөндөхгүйгээр өөрчлөх хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтөд маш их судалгаатай хандах ёстой. Хууль зүйн шинжлэх ухаан гэж байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан гэсэн сэдвээр маш олон удаа мэтгэлцээн явуулах хэрэгтэй. Үндсэн хуульд процессын өөрчлөлт хийж болно. Үүнийг үгүйсгэхгүй.
 
-Тухайлбал ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
 
-Үндсэн хуулиар бий болгосон хүний эрхийн үнэт зүйлс, Монгол төрийн бүрэн эрхт байдлын эрх зүйн баталгаа, орон нутгийн засаг захиргааны нарийн хуваарилагдсан эрх зүйн орчныг хөндөхгүй. Зөвхөн төрийн байгуулалтын өнөөгийн шаардлагад тохирсон өөрчлөлт хийж болно. Тухайлбал, Ерөнхийлөгч, Засгийн газрын чиг үүргийн ялгаа заагийг сайтар гаргах хэрэгтэй. Парламентын засаглалтай оронд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг гэж байдаг. Тэр жишигт Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийн ялгаа зааг маш тодорхой байдаг. Парламент, Засгийн газар хоорондын үйл ажиллагаа маш нарийн заагтай байдаг. Ингэснээр төрийн байгууллага тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх учиртай.
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрдэмтэн судлаачид, улс төрчдийн аль нь илүү үүрэг хүлээж оролцох ёстой вэ?
 
-Ямар ч улс оронд Үндсэн хууль түүхэн цаг үеийн бүтээгдэхүүн. Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй хэрэгжих дундаж хугацаа 25-40 жил байдаг. Манай эцэг хуульд өөрчлөлт орох хугацаа болсон. Гэхдээ яаж өөрчлөх вэ гэхээр Үндсэн хуулийн эрх зүйн мэргэжлийн хуульчид, эрх зүйн чиглэлээр суурь судалгаа хийдэг хуульчид маргаж, мэтгэлцэж байж төрийн байгуулалтын оновчтой тогтолцооны загвар гаргаад маш сайн хэлэлцүүлэх ёстой.
 
Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс төрчдийг гүнзгий оруулахаас илүү судлаачид, судалгаанд суурилсан эрх зүйн тогтвортой байдал бий болгох зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан 30 гаруй эрдэмтэн байна. Эдгээр хүмүүсийн мэдлэг мэдээллийг нэгтгэх хэрэгтэй. Тэдэнд асар их мэдээ мэдээлэл бий.
 
-Ард нийтийн санал асуулга явуулсаны үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэх нь бий.  Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
 
-Бүх нийтийн санал асуулга Монгол Улсад ганцхан удаа болсон. Тэр нь социалист нийгмийн үед явуулсан тусгаар тогтнолын санал асуулга юм. Би бол бүх нийтийн санал асуулгыг дэмжихгүй байна. Бүх нийтийн санал асуулгыг хавтгайруулвал цэргийн дэглэм тогтохыг үгүйсгэхгүй. Үүнд болгоомжтой хандах ёстой.
 
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг