sonin.mn
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ
 
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Монголын алт” ХХК-ийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч Д.Энхмандах нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ нэгдүгээр сарын 12-нд  байгууллаа.
 
Гэрээний дагуу “МАК” ХХК  Даланжаргалан сумын нутагт бүтээн босгож байгаа “Хөх цавын” цементийн үйлдвэртээ ажиллах хүчнийг орон нутгаас бэлтгэхээр болжээ. Тус компани  энэ оны нэгдүгээр сарын 12-нд Сайншанд хотноо зохиогдсон“Ажлын байр-Амьдралын баталгаа” хөдөлмөрийн яармагийн үеэр ажлын байранд авч ажиллуулахаар 150 хүний анкетыг хүлээн авсан аж.
 
Дээрх иргэдийн 50-ыг нь Даланжаргалан сумаас, 20-ыг нь Айраг сумаас  бүртгэжээ. Ирэх гуравдугаар сараас эхлэн тус компани туршилтын үйлдвэрээ эхлэх учраас ажилд орох хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт оруулж аймгийн МСҮТ-тэй хамтран зургаан шатлалтай сургалтад хамруулж, тодорхой гэрээ хийж, дадлагажуулж мэргэжлийн гэрчилгээ олгох юм. Бүртгэсэн хүн бүрийг сургалтад хамруулахгүй.
 
Зөвхөн  бутлуурын оператор, хөргөгчийн оператор, бункерчин, бутлуурчин, конвейрийн машинч, стайкерийн оператор, рекламерийн оператор, краны оператор, тээрмийн оператор, урьдчилан халаах болон зуухны оператор, савлах хэсгийн оператор гээд автомат технологи дээр ажиллах 80 гаруй  хүнийг сургалтад хамруулах юм. 14 хоногийн сургалтын дараа амжилттай шалгалтаа өгсөн хүмүүс гэрчилгээгээ гардаж “МАК” ХХК-ийн ажилтан болно.
 
ТОМ ТӨСЛҮҮДИЙН АЧ ХОЛБОГДОЛ
 

 

 

 

 

Дорноговьд манай улсын барилгын материалын цементийн хэрэгцээний 60-70 гаруй хувийг дангаараа хангах хоёр том үйлдвэр сүндэрлэн босож байна.  Үүний нэг нь  “МАК” компанийн Хөх цавын шохойн чулууны орд  газрыг түшиглэсэн цементийн үйлдвэр  жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Эл үйлдвэрийг босгохоор  тус  компани 2009 оноос эхлэн судалгааны ажил хийж 2012 оноос барилгын ажлыг эхэлсэн.
 
 
 
Үйлдвэрийн барилгын  ажил дуусч тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажил явагдаж буй бөгөөд үйлдвэрийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цементийн үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 32 орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлнө. Дээрээс нь ажилчдын цалин, орон нутийн хөгжилд оруулах бүтээн байгуулалтыг тооцвол маш их том тоо гарна.
 
Дараагийнх нь  Мандах суманд байдаг тус компанийн эзэмшлийн Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэр нэг тэрбум гаруй хөрөнгө оруулалттай дэлхийд томоохонд тооцогдох бүтээн байгуулалт. Зах зээлийн хүндрэл, санхүү эдийн засгийн бэрхшээлээс болж хэсэг хугацаанд зогссон дээрх төслийн нийт санхүүжилт нь  нэг тэрбум гаруй доллар.
 
Дээрх үйлдвэр нь Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн  дараа орох томоохон бүтээн байгуулалт бөгөөд  2019 онд багтаагаад ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.Нэг зүйлийг дурдахад үйлдвэрт ажиллах ажилчдын орон сууц, суурьшлын бүсийн барилга байгууламжийг Даланжаргалан суманд төвлөрүүлж барихаар болсон нь   тус сум томоохон хот болон өргөжих ирээдүй рүү алхаж эхэллээ.
 
Нийгмийн хариуцлагын гэрээний дагуу орон нутгийн иргэдэд шинэ боломж гарч байна. Ер нь том төслүүдийн ач холбогдол нь  тухайн төслийг тойрсон ханган нийлүүлэлт хийж, жижиг бизнесийг хөгжүүлэх боломжийг олгож байдагт оршдог. Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх, ашиг орлоготой ажиллах маш их өргөн бололцоо гарч ирж байна.
 
“Цементийн үйлдвэрийн  600 гаруй ажилтны өвлийн болон зуны ажлын нормын хувцсыг хийгээд  нийлүүлээд байх боломж  бий. Үйлдвэрт ажиллагсдын хувцсыг жил болгон сольж шинээр нийлүүлдэг. Сайншандад байгаа оёдлын жижиг цехүүд нийлээд хангах боломж гарч байна.. Бидэнд хэрэгтэй ногоог тариад жилийн дөрвөн улиралд нийлүүлж болно. Гахай,  тахиа,  махны  жижиг бизнесүүд хөгжүүлэх бололцоо байна. Хэрэв чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл боломж байна“ гэж “МАК” ХХК-ийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Д.Энхмандах хэлнэ лээ.
 
ХАРИУЦЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ
 
 
Энэ зураг бол "МАК" ХХК Дорноговиос  ажилтан бүртгэж авч байгаа байдал. XXI зууны хамгийн дэвшилтэд технологиор тоноглогдсон зуун хувь автомат ажиллагаатай үйлдвэрт Дорноговьчууд ажиллахаар боллоо. XX зууных шиг хөлс хүчээ гаргаж, халтар царайлж, эрсдэл дунд эрүүл мэндээ золиослон, хүрз барин шороо шидлэж  ажиллах цаг ард хоцорчээ. Энэ том үйлдвэрт ажиллах ажилчид  өндөр хариуцлагатай  байх учиртай. Хэрэв хариуцлагагүй ажиллавал алдаа  завхрал  гарна.
 
“Үйлдвэрт биеийн хүчээр хийгээд байх ажил төдийлэн гарахгүй бөгөөд эзэмшсэн мэргэжлээ 100 хувь ашиглах, ухаанаа уралдуулж, толгой ажиллуулах, сахилга хариуцлагыг чанад баримтлан ажиллах хэрэгцээ шаардлага гарч байна. Автомат технологийг удирдах хүнд ажлын сахилга хариуцлага, ухамсар юунаас ч чухал.  Бүртгүүлээд л манай компанийн ажилтан болчихлоо гэж ойлгож болохгүй.
 
Хэрхэн сурч, хэрхэн хариуцлагатай ажиллахаас шалтгаалж  “МАК” компанийн ажилтан болох гараа нээгдэнэ“ хэмээн Монголын алт” ХХК-ийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Д.Энхмандах гуайтай уулзахад хэлсэн.
 
АЖИЛТАЙ БАЙХ САЙХАН
 

 

 

 

 

Ажил хийж байгаа хүн үргэлж өөртөө итгэлтэй байдаг.  Айл хэсэж  архи уух нь, хов базаж худлаа ярих нь, нам улс төр хөөж явах нь бараг л цөөхөн дөө. Эхнэр, нөхөр хоёр эрхэлсэн ажилтай байхад гэр бүл салж сарних нь бага. Адаглаад  орон сууцны зээлээ төлөх, шинэ байранд орох, амьдралаа сайжруулах гээд хоёр биедээ итгэж  холын зорилго өвөртөлдөг  юм.
 
 
 
Ажил хийгээд авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байх тохиолдол бий ч  ажилтай хүн амьдралаа болгоод л байдаг.Айлын хоёр баганын нэг нь ажилгүй болоход л  амьдрал хазайж эхэлдэг. Ажилгүй хүнийг хүмүүс дандаа өөнтөгч нүдээр хардаг, муу хэлдэг, муухай хардаг, итгэхээ больдог. Хийх ажилгүй болохоор  хов базаж, архи ууж, агсам согтуу тавина.
 
Тэгэхээр  энэ үйл ажиллагаа  иргэдийг зөвхөн ажлын байраар хангаад зогсохгүй гэр бүл, айл өрхийн амьдралд эерэгээр нөлөөлсөн  олон сайхан зүйлийн эхлэл болж байна. Хүмүүс амьдралаас тийм ч олон зүйл хүсдэггүй юм шиг байна билээ. Үсрээд л боломжийн цалин, нэг орон сууц, нэг машин, эргэлдүүлэх хэдэн төгрөг, тэгээд л болоо.
 
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “МАК” ХХК
 
 
“МАК” бол Монголын уул уурхайн томоохон компани. Томоохон татвар төлөгч.Томоохон ажлын байраар хангагч. Экпортын болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч.  Энэ  компанийг  зөвхөн монгол хүмүүс л  бүтээн  босгосон учир баялаг нь монголдоо л үлдэнэ.
 
Бүтээн байгуулалтынх нь зах зухаас дурдвал нүүрс олборлосон орлогоороо монгол оронд ирээдүйд нэн шаардлагатай байгаа барилгын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч томоохон хөрөнгө оруулалтуудыг сүүлийн жилүүдэд  хийжээ. Эхний хөрөнгө оруулалт нь 2015 онд Улаанбаатар хотын ойролцоо Германы технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.
 
Энэ үйлдвэр нь жилд 270 гаруй куб метр хийт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Барилгын хийцийн үйлдвэрлэлд онцгой чухал ач холбогдолтой орчин үеийн технологийг нэвтрүүлсэн бүрэн автомат үйлдвэр. Дээрээс нь Хөх цавын, Цагаан суваргын гээд зөвхөн Дорноговь аймагтай холбоотой бүтээн байгуулалтыг ярихад л цаг их орох. Өмнө нь 120 хүүхдийн цэцэрлэг барьж өгснийг, Даланжаргалан сумын малчдын шинээр бойжуулсан ботго бүрт 20 мянган төгрөгийн бонус олгодгийг мэдэх юм.  Үйлдвэрээ босгохын тулд “Чингэс” бондоос зохих ёсны санхүүжилт авч зарцуулах зүйлдээ зарцуулж, эргэн төлөх үүрэг хариуцлагаа ч ухамсарлан ажиллаж байна.
Анх энэ төсөл 350 гаруй сая доллараар босох байв. Гэтэл эдийн засгийн хүндрэл бэрхшээл гарснаас болж компанийн зүгээс  зарим хэрэглээг багасгаж тодорхой хэмжээний хэмнэлтийн бодлого барьснаар санхүүжилтийг 331  сая долларт  тааруулж бүтээн байгуулж иржээ.
 
Монгол Улсын Үндэсний аюулгүйн зөвлөлөөс гаргасан  шаардлагын дагуу бондын хөрөнгийг Монгол Улсад экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын  бүтээгдэхүүнийг орлох төслүүдэд олгох чиглэлийн дагуу Засгийн газар, УИХ-ын гишүүд, “Хөгжлийн банк”-ны төлөөл багтсан Зөвлөл 2014 хуралдаж  “МАК” компанид тодорхой хэмжээний зээл олгох шийдвэр гаргасан ч  зээл олгох үйл явц удааширч 65 сая долларын зээлийг гурав хувааж авчээ.
 
Томоохон  төслүүдээ бүтээн босгохын тулд эдийн засаг, санхүүгийн хямрал болон улс төрийн багагүй саад бэрхшээлтэй тулгарч цаг хугацаа алдсан хэдий ч хямралыг сөрж бодлогыг зөв явуулснаар  шинэ үйлдвэрээ шинэ оны  эхний улиралд  ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна.
 
Харийн  нөхөдтэй нийлж  хамаг баялагаа цөлмөдөг увайгүй нөхдүүд манайд буй ч  эх орондоо бүтээн байгуулдаг, ашиг орлого нь монголдоо шингэдэг, дэлхийн түвшний монгол компани дэргэд байгаа нь бидний олз юм. Дээрээс нь  газрын хэвлийдээ гайхмаар их баялагтай байгаа нь бас л бидний олз.
 
Эдүгээ улсын эдийн засагт эргэлдэх хөрөнгө санхүү багасч олох орлого нь хумигдаж, аж ахуй нэгжүүдийн ашиг багасч, сонгуулиас сонгуулийн хооронд амь зогоох нөхцөл байдал  газар авч,  хаа сайгүй ажилгүй иргэд, хаашаа  гишгэхээ мэдэхгүй улаа эргэтэл таваргаж яваа нөхцөлд энэ ажил цагаа олжээ.
 
Хэчнээн  хүн Солонгосын Элчин сайдын яам руу виз мэдүүлэхээр шогшиж, хэн нэгнийг царайчилж явааг хэн мэдэхэв.Энэ төсөл харь орон луу амьдрал хөөхөөр шийдсэн говь нутгийн зуу зуун хүмүүсийн жолоог эргүүлж татах нь лав. Татаад эхэлсэн ч байх.  Хэдэн арван хүмүүсийн  гэр бүлийг салж сарнихаас сэргийлсэн байх. Хэдэн арван хүмүүст итгэл найдвар, урам зориг өгсөн байх.
 
150 гаруй хүн ажилтай боллоо гээд бодоход тэдний ард байгаа гэр бүлийн, хүн бүрийн амьдрал баталгаажих нь гарцаагүй буй. Цаашдаа энэ тоо нэмэгдэнэ. Зөвхөн нэг удаа иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй дараа дараагийн төслүүддээ ажилтан бэлтгэж Дорноговь аймагтай нягт хамтран ажиллах юм байна лээ.
Үндэсний томоохон компанийг урьж иргэдээ ажлын байртай болгох зорилго тавьсан орон нутгийн удирдлага болон нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарлаж нутгийн иргэдийг ажлын байраа хангаж байгаа “МАК” ХХК-д талархая.
 
Х. Эрдэнэбулган