sonin.mn
Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа “Анод”-ын нэрээр олон танигдсан Н.Давааг урьж ярилцлаа.  Бид түүний сүүлийн үед хийж бүтээж буй шинэ технологуудынх нь талаар сонирхсон юм.
 
Тэрээр агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдээ автомашины гарааштаа зохион бүтээж, туршиж байна.   Одоогоор судалгааны багийнхан зургаан шийдэл зохион бүтээсэн бөгөөд цахилгаан халаагуур, тогоо, цахилгаан хэмнэгч зэрэг бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа аж.
 
Н.ДАВАА БА МӨРӨӨДӨЛ
 
Н.Даваагийн энэхүү техникч сэтгэлгээ аав, өвөөгөөс нь удамшиж ирсэн. Түүний өвөө уран Гомбо гэдэг хүн байжээ.  Уран Гомбын хийсэн хаалга нь үг хэлж, бүтээсэн домбо нь эгшиглэдэг гэсэн түүх бий. Харин аав нь онгоцны нисгэгч хүн байв.  1945 оны дайны үед  Оросын сөнөөгч онгоцыг  жолоодож байгаад дараа нь олзны японы  сөнөөгч онгоцнуудыг барьж байсан гэдэг.   Аав нь түүнд онгоцны тухай, ялангуяа  моторын тухай  их ярьдаг байжээ. Ийнхүү тэрээр багаасаа л техникт дуртай болж өссөн байна.  
 
Н.Даваа “Би пуужин, нисэх онгоц их зохион бүтээдэг байлаа.  Түүнийгээ  туршиж байна гээд энд тэнд гал гаргаж шатаачих гээд бөөн юм болно. Пуужинг бол янз бүрээр хийж үзсэн” гэж байв.   Мөн түүний багын мөрөөдөл, сонирхол нь үүгээр дуусахгүй.  Археологийн салбарыг ихэд сонирхдог байсан гэдэг.  2008 онд бие даан малтлага хийж  том байгууламжийг уулын орой дээр ил гаргасан байдаг.  Мөн “Тэнгэр угсаа” хэмээх нийгэмлэгийг  үүсгэн байгуулж шилдэг археологичдыг  эгнээндээ нэгтгэж явжээ.  Тэд багаараа  хайгуул судалгааны ажил хийдэг байна.   Тэрээр “Би хийж бүтээж үзлээ. Мөн энэ амьдралдаа уналт гэдгийг зөндөө л үзсэн. Армийн амьдралаар 15 жил явлаа.
 
Дараа нь ганзагын наймаа  хийгээд дээрэмдүүлж нам унаж байв. Мөн ченж хийж эргэн босч ирээд л банк байгуулаад дахиж унав. Гэтэл өнөөдөр ахиад шинэ технологитойгоор эргэн ирсэн. Энэ бүхний хамгийн цаад зорилго нь ерөөсөө  л би хүчирхэг нэгэн болохын зэрэгцээ улсаа хэрхэн яаж хүчирхэг болгох вэ гэдэг л мөрөөдөл байгаа юм”  гэж байв. Гэхдээ тэрээр улс төр, банк санхүүгийн салбарт дахин орохгүйгээр  цэг тавьснаа дуулгалаа.  Одоо өөрийн мөрөөдөлдөө хүрэхийн төлөө  техник технологийн салбарт хүч сорьж, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах үйлсэд хүчин зүтгэнэ” гэж байна.
 
УНАЖ БОСЧ ЯВСАН ОН ЖИЛҮҮД
 
Түүний унаж босч явсан он жилүүдийн нэгээхэн хэсгийг Монголын ард түмэн мэднэ. Гэхдээ хойд хөршид Цэргийн сургууль төгсөөд Эрээн, Польш зэрэг улсууд руу ганзагын наймаанд явж байсан гэгээхэн үеийг нь мэддэггүй байх. Украйнаас Москва руу наймаа хийж овоо их мөнгөтэй болоод эх  орондоо ирэхийнхээ өмнө Ярасловский вокзал дээр мөнгөө дээрэмдүүлж байсан үе түүнд бий.  Гэсэн ч тэр сэтгэлээр унаагүй.  Урам зориг, хүсэл мөрөөдөлтэйгөөр дахин босч ирсэн байна.  Түүний дараа банкнаас зээл авч машины наймаа хийхээр төлөвлөжээ.  
 
Гэтэл банкнаас мөнгө  авах үед ам. долларын ханшны зөрүүний ялгааг олж харсан байдаг. Тэгээд долларын ченж хийж эхэлсэн байна.  Тэндээс эхэлсэн бизнес нь цэцэглэн явсаар банк байгуулах хэмжээнд хүрсэн байдаг.  Гэхдээ одоо тэрээр энэ тухайгаа дурсамж, сургамж хэмээн бодон өнгөрсөндөө үлдээж харин ирээдүйгээ цоо шинээр төсөөлж эхэлсэн байна.  Тэрээр “Надад унаж босч явсан үе бий.  Тухайн он жилүүддээ нэг их харамсдаггүй. Ухаажсан, хатуужсан үе минь өнгөрлөө.  Тэр бүх үеийг даван туулахад бүгдийг өөрчлөх  хүсэл надад маш их төрсөн. Гэхдээ гуравхан сая хүнтэй Монгол орон дотроо улс төр ярих утгагүй гэдгийг ойлгосон. Дэлхий нийт цоо шинээр хөгжиж байна. Бид өөрсдийгөө дотроос нь биш, гаднаас нь олж харах нь чухал юм шиг санагдсан” гэлээ. 
 
“БИДЭНД САНХҮҮЖИЛТ ӨГВӨЛ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭР БАРЬМААР БАЙНА”
 
Мэргэжил нэгт нөхөд болох доктор Д.Баяр тэргүүтэй  хүмүүстээ нийлэн академи байгуулж, шилдэг шинэ санаануудаа уралдуулан бүтээлүүдээ ч бэлэн болгоод байна.
 
Түүнийг  шилдэг зохион бүтээгч гэдгийг нь нотлох бүтээлүүд граашаар нь дүүрэн байна.  Гэр халаагуураас авахуулаад мөнхийн хөдөлгүүрийг хүртэл  өөрөө зохион бүтээж чадсан нэгэн юм билээ.   Халаагуур бүтээх санаа түүнд найман жилийн өмнөөс төржээ.  Сансрын хиймэл дагуулын халаагуураас санаа авсан бөгөөд нарийнхан саваа мэт тус  бүтээл одоо ч Н.Даваагийнд байна.  Энэхүү саваа мэт төмрийг халаагуур гэдгийг сонсоод сонирхолтой санагдаж байв.  Нарийн төмөр дотор багахан шингэн байх бөгөөд бүлээн усанд хийнгүүт халаагуур болон хувирдаг байна.  
 
Энэ л сансрын халаагуураас түүний агаарын бохирдлыг шийдэх бүтээл хийх том санаа төрсөн байдаг.  Мэргэжил нэгт нөхөд болох доктор Д.Баяр тэргүүтэй  хүмүүстэй нийлэн академи байгуулж, шилдэг шинэ санаануудаа уралдуулан бүтээлүүдээ ч бэлэн болгоод байна. Доктор Д.Баяр нь Япон улсын “Нитачи” компанид энэ чиглэлээр олон жил ажилласан бөгөөд дэлхийн оюуны өмчийн шагналыг удаа дараа хүртэж байсан эрдэмтэн юм.   Одоогоор агаарын бохирдлыг бууруулах тэдний шийдэлд нэгэн бэрхшээл тулгараад байна.
 
 “Наса”-гийн технологийн компани, дэлхийд алдартай “Тесло”, Солонгос, Япон гээд өндөр хөгжилтэй орнууд бүгд тэдний технологийг хүлээн зөвшөөрсөн атал Монголын төр засгийн удирдлагууд найман жил хүлээн зөвшөөрсөнгүй.  Төслийн зуух, утаагүй түлш,  гадны халаагуур зэрэгт төсөв мөнгөө хэдэн тэрбумаар цацсан атлаа Монголын эрдэмтдийнхээ бүтээлийг одоо хүртэл үнэлээгүй байна. Н.Даваа энэ талаар  “Харахад байдаг л нэг халаагуур мэт боловч шинжлэх ухаан, технологийн ололт юм. Бид бүтээгдэхүүнээ  зөвхөн Монголд бус дэлхийн зах зээлд борлогдох боломжтой байхаар тооцоолсон.
 
Бидний бүтээлүүд ижил төрлийн халаагуураас дөрөв дахин бага эрчим хүч зарцуулна. Гэвч төр засгийн удирдлагууд дэмждэггүй. Дэлхий дээр нэг тэрбум 200 сая гаруй хүн цахилгаан халаагуураар дулаанаа шийддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр манай энэ бүтээгдэхүүнд хангалттай зэх зээл байна. Гэвч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх тал дээр асуудалтай байгаа. Халаагуурын технологио аваад Хятадад очиж үйлдвэрлүүлэх нь эрсдэлтэй байна.  Бид 2009 оноос хойш явсан л даа. Хятадад очиж үйлдвэрлэсэн.  
 
Гэтэл эргээд очсон манай бүтээгдэхүүний загвараар Хятадад гурван үйлдвэр бий болчихсон байсан.  Одоо Хятадууд манайх шиг халаагуур үйлдвэрлэчихсэн манайд зарж байгаа. Гэхдээ  бид технологио сайжруулсан болохоор түүнийхээ патентийг алдчихгүй байхыг л хичээж Төр засагтаа хандаж байна. Бидэнд санхүүжилт өгвөл агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдээ танилцуулан үйлдвэрээ баримаар байна. Энэ нь өөрөө шинэ технологи учраас бага тоогоор үйлдвэрлэж болохгүй.  Тэгэхээр дор хаяж нэг сая тоогоор үйлдвэрлэж байж сая зорилгоо биелүүлэх боломжтой” гэсэн юм. 
 
ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРЭХЭД БЭЛЭН БОЛСОН ГУРВАН БҮТЭЭГДЭХҮҮН
 
Дэлхийн зах зээлийн туршлагаас харахад улс орнууд томоохон брэндүүд дээр тулгуурлан хөгжиж олноо танигдсан байдаг. Тэгэхээр манай улсын хувьд уур амьсгалын нөхцөлдөө таарсан халаагуур үйлдвэрлэх боломж бололцоотой гэдгийг Н.Даваа болон түүний багийн эрдэмтдийн технологууд харуулж байгаа юм.   Одоогоор тус баг зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн туршаад байгаа бөгөөд БЭС цахилгаан халаагуур, бойлуур тогоо, цахилгаан хэмнэгч зэрэг MGL-Т брэндийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна.
 
Туршилт 1: Одоогоор 1000 гаруй айлд БЭС цахилгаан ууран халаагуураа тавиад байгаа юм. Энэхүү халаагуур нь ижил төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан зарцуулалт 75 хувь бага гэсэн тооцоо гарчээ. Мөн нэг минутад 130 км зайд халууныг түгээдэг. Нэг ширхэг  уурын халаагуурын  халаах чадал нь адил хэмжээний дөрвөн ширхэг халаагууртай тэнцдэг байна. Мөн вакум нөхцөлд ус нь 50-70 хэмд буцлах тул халалт 80 хэмд явагдана.
 
Туршилт 2: Ижил төрлийн бойлуур тогоо тавьсан 1000 ам.метраас дээш талбайтай томоохон объектын талбайг дундаж тооцоход нүүрс түлдэг 30 гаруй нам даралтын зуухны яндангууд утаа гаргахаа больсон байна.  Бойлуурын системд даралт байхгүй тул гэмтэл цоорол үүсэхэд дэлбэрэх,түлэх аюул байхгүй. Харин эсрэгээрээ сорох процесс явагдан унтардаг гэнэ.
 
Туршилт 3: Цахилгаан хэмнэгч бүтээгдэхүүнийг 27 ам.метр байшинд туршихад цахилгаан, дулааны мөнгө 29 мянган төгрөг гарчээ.  Тус айл өмнө нь цахилгаан дулаандаа 250 мянган төлдөг байжээ. Мөн “Орчлон” констракшны төвийн шугамд холбогдоогүй байрны 50 ам.метр талбайтай хоёр өрөөнд туршиж үзсэн байна. Цахилгаанаар 500 гаруй мянган төгрөг гарч байсан бол тус төхөөрөмжийг тавиад 80 мянган төгрөг гарсан.
 
Одоогоор түүний дээрх гурван бүтээлийг Баянчандмань дахь “Агропарк”-ын өвлийн хүлэмж, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, 125 дугаар цэцэрлэг, СБД-ийн 75 дугаар цэцэрлэг, “Хүннү Молл” автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, тус хорооны 1000 орчим айл өрх хэрэглэж, халаалт дулааны асуудлаа утаагүй, эдийн засагт хэмнэлттэй байдлаар шийдүүлж, сэтгэл дүүрэн байна.
 
ТҮҮНИЙ УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
 
Тэдний  зорилго нь Монгол төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх юм.  Жилийн хугацаанд сая ширхэг халаагуур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулъя гэвэл таван тэрбум төгрөг шаардлагатай ажээ.  Гэвч эхний ээлжинд 300 сая төгрөгийн өртөгтэй үйлдвэр байгуулж монголчуудыг бага эрчим хүчээр дулаан байлгая гэсэн зорилт тавиад байгаа ажээ.  Мөн монгол эрдэмтдийн энэхүү халаагуурын технологийг Турк, Япон, Солонгос гээд гаднынхан ихэд сонирхож байгаа гэнэ.  Энэ талаар Н.Даваа  “Бидний технологи  Туркийн нэг компанийнх болчихно гэхээр хайран байна. Халаагуурын үйлдвэр байгуулах манайд маш ашигтай. Яагаад гэвэл дэлхий нийт эрчим хүчний салбарт технологиор тасарчихаад байгаа юм. Мөн энд онцлон хэлэхэд бид нэгэн шинэ технологи боловсруулж байгаа. Мөнхийн хөдөлгүүр гэдэг шиг эрчим хүчний эх ундарга бүхий эрчим хүч үйлдвэрлэгчийг зохион бүтээж, онолын хувьд баталчихсан юм. Харин хөрөнгө мөнгөний боломж олдвол бодит туршилт хийж үзэх шаардлагатай байгаа. Үүнд төр засаг анхаарал хандуулаасай” гэж байлаа.  
 
Мөн түүний улс төрийн үзэл баримтлал нь тун сонин.  Тэрээр нүүрсийг стратегийн орд хэмээн үздэггүй байна.  Харин алт бол улс орны хөгжлийн гарц байж болно хэмээж байв. Учир нь хоёр том гүрэнтэй хиллэдэг манай улс хоёр л газар нүүрсээ борлуулах боломжтой. Нүүрсний зах зээлд гуравдагч орон гэж байхгүй.  Тиймээс энэ нүүрсний орд маань хязгаарлагдмал болж байгаа юм. Харин алтыг бид онгоцоор зөөгөөд Лондонгийн хөрөнгийн биржид ч худалдаалж болж байна. Энэ бол жинхэнэ стратегийн орд болж байгаа юм. Энэ тал дээр санал нийлдэггүй, мөн энэ үзэл бодолдоо баттай зогсож чадсан учраас би улстөрөөс эрт гарсан гэсэн юм.
 
ХҮҮ НЬ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ААВТАЙГАА АЖИЛЛАЖ БАЙНА
 
Ийнхүү “Анод”-ын хэмээн олонд танигдсан эрхэм агаарын бохирдлын эсрэг шийдлүүд үйлдвэрлээд эхэлсэн байна. Түүний мөрөөдөл их том.  Эх орноо технологийн дэвшилтэй хөл нийлүүлсэн хүчирхэг гүрэн болгох билээ.  Энэ үйлсдээ гэр бүлийнхнийгээ ч татан оруулцуулжээ. Тэрээр хоёр хүүхэдтэй. Охин Д.Хонгорзул нь “Говь” компанид дизайнерээр ажилладаг бол хүү нь технологийн салбарт аавтайгаа дөрөө харшуулан ажиллаж байна.
 
Түүний мөрөөдөл биелж гэмээнэ Улаанбаатар маань утаагүй болж, техник технологийн МGL-Т гэсэн нэгэн брэндийг Монгол Улс эзэмшиж дэлхийн зах зээлд нийлүүлэх юм.  Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд шаардлага хангах халаагуур дэлхийн зах зээлд тийм ч түгээмэл биш юм.  Тэгэхээр бидэнд боломж байгааг Монголын эрдэмтдийн энэхүү технологиуд харуулж байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин