sonin.mn
Сэлэнгэ аймгийн удирдлагын баг өнгөрсөн долоон хоногт  ажил, амралтын өдөр гэлтгүй бүтэн гурван өдөр хуралдлаа. Аймгийн Засаг дарга Ш.Оргил ирэх дөрвөн жилийн хөтөлбөрөө “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” уриан дор боловсруулан ИТХ-аар батлуулжээ.
 
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны анхны зөвлөгөөнд 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид, орон нутгийн өмчит газрын дарга захирлууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Удирдлагын баг ийнхүү гурван өдөр аймгийнхаа хөгжил дэвшил, хэрхэн ажиллах бодлого чиглэлээ тодорхойлж хүн нэг бүр болж, бүтэхгүй зүйл, асуудал бэрхшээлээ ярьж гарц, арга замаа эрэлхийлэв.
 
Зөвлөгөөний үеэр Сэлэнгэ нутгийн хөгжил дэвшлийн төлөө оюун бодол, сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж байгаа аймгийн удирдлагын багийн бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн, ирэх дөрвөн жилийн хөгжлийн зураг гаргасан нь гол үр дүн, ажлын биелэлт байлаа. Төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх, аймаг, орон нутаг, салбарын хөгжлөөрөө улсдаа түүчээлэхэд юунд анхаарах, цаашлаад Засаг даргын зүгээс ямар зарчим, бодлого баримтлах, ямар шаардлага тавьж ажиллах зэргээр орон нутгийг “том”-оор харж, сэтгэсэн өргөн хүрээтэй уулзалт боллоо. Аймгийн удирдлагын баг бодлого чиглэлээ салбар тус бүрээр тодотгон харилцан мэдээллээ солилцож, энэ онд хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулан, шинээр томилогдсон сумдын удирдлагууд энгэрийн тэмдэг, батламжаа гардан авсны дотор  төлөвлөж зорьсон ажлууд амжилттай хэрэгжлээ хэмээн санал нэгтэйгээр  дүгнэж байна.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “ Бүрэн эрхийн хугацааны төгсгөлд бид хийж хэрэгжүүлсэн ажил үйлстэй, барьж байгуулсан бүтээн байгуулалттай, иргэд нь ажилтай орлоготой, хүүхэд залуус нь хөгжиж дэвшсэн, эдийн засаг нь чадавхижсан сайхан үр дүнг иргэд түмэндээ илтгэнэ гэж төсөөлж байна. Босоо удирдлагатай, манайх аймаг, суманд хамаагүй гэсэн явцуу бодолтой ямар ч байгууллагын удирдлагатай хамтарч ажиллахгүй. Ажил, арга хэмжээ тогтсон цагтаа эхэлдэг, төлөвлөсөн цагтаа дуусдаг байх ёстой. Төрийн ажил албыг улс төрийн нөлөөллөөс ялгаж, салгадаг байх. Намчирхах, нутгархах үндэслэлээр төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхахгүй, намын харъяалал гэсэн ташуу үзлээр томилдог чөлөөлдөг асуудлыг энэ танхимд сууж байгаа хэн ч гаргахгүй гэж найдаж байна.
 
Дунд шатны төрийн албан хаагчдыг бүх талаар чадваржуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Төсвийн захирагч нар орлогын бүхий л боломжийг эрэлхийлж төсвийн орлогын бүрдэлтэд онцгой анхаарч ажилла.Энэ онд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байгаа. Төсвийн хэмнэлтийг бүх шатны удирдлагууд бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Иргэд үйлчлүүлэгчид ямар нэг байдлаар хүндрэл учруулсан, зүй бусаар харилцсан ямар ч удирдлага, албан хаагчдыг аймгийн Засаг даргын хувиар би хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгэ аймагт төрийн үйлчилгээ нээлттэй, ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй байх ёстой” гэдгийг хатуу анхааруулав.
 
Мөн салбар тус бүрээр нь цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал,сумдын  ИТХ, Засаг дарга нарын ажлын уялдаа холбоо орон нутгийн хөгжилд маш чухал учраас  өөрсдийн эрх хэмжээ, нөөц бололцоогоо дайчлан асуудлыг дор бүр нь шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Өвөлжилт хүндэрсэн үед авах арга хэмжээ төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, тухайн үед ажиллах техник, хүн хүчний нөөцийг тооцож, бэлэн байдалд байлгах хэрэгтэй. ОНӨААТҮГ-ын удирдлагууд эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, өр авлагыг барагдуулах талаар анхаарч, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, сумдын ойн ангийн дарга нар бүс нутгийн хэмжээнд хүрч ажиллахыг үүрэгдэв. Энэ жилээс аймгийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гэрээ байгуулахаас бусад буюу гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнэх, хяналт тавих эрхээ хууль тогтоомжид нийцүүлэн сумдын Засаг дарга нарт шилжүүлж байгаа юм байна. 
 
Зөвлөгөөний үеэр зарим сумын Засаг  даргын байр суурийг сонсслоо.
 
 
 
Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж:  ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН БОДИТОЙ, ҮР ДҮНТЭЙ АЖЛУУДЫГ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН
 
 
 
-Манай сум өвөлжилт хүндэрсэн есөн сумын нэг. Цасны зузаан 30 см-тай байгаа. 34 мянга гаруй мал тоологдсон. Эдийн засаг хямарсан ч манай сум байгалийн баялаг ихтэй. Энэ жил самар сайн ургасан. Түүнийгээ зохих үйл ажиллагаанд зарцуулах талаар ИТХ-тай ярилцаж байна. Орон нутаг хөгжүүлэх сангийн төсөв багассан. Гэхдээ бид дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар хичээж, ажиллаж байна. Иргэд рүү чиглэсэн бодитой, үр дүнтэй ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, сумын төвд засмал зам тавина. Мөн эмнэлгийнхээ дулаалгын асуудлыг шийдэхийг зорьж байна. Малчдынхаа хүүхдүүдийн дотуур байранд их засвар оруулья гэсэн төлөвлөгөө бий. Манай сумынхны хувьд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол Хүдэр голын бохирдол. Уул уурхайн хууль бус техникжсэн хувиараа алт олборлогчид ажилладаг.  Үүнийг шийдэхийн тулд ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хувиараа алт олборлогчидтой шийдэмгий, зоригтой тэмцэнэ гэсэн бодолтой байгаа.
 
 
 
Түшиг сумын Засаг дарга Ц.Отгонтүйн: ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ГОЛЛОНО
 
 
 
-Манай нутагт сайхан өвөл болж байна. Өмнөх жилүүдийг бодоход цас их унасан ч, өвөлжилт сайн байгаа. Бусад сумдыг бодвол хамгийн бага малтай. Өнгөрсөн оны мал тооллогоор 5000 гаруй мал тоологдсон нь өссөн үзүүлэлт. Төсвийн хувьд хүндэрсэн зүйлгүй. Энэ онд аль болох үргүй зардал гаргахгүй байх тал дээр менежерүүдтэйгээ ярьж тохиролцоод оны эхний ажлыг эхлүүллээ. Өмнөх дөрвөн жилд нийгмийн салбарынхаа хөрөнгө оруулалтыг сайн хийсэн. Аймаг орон нутгийн зүгээс ч дэмжлэг үзүүлсэн. Харин ирэх дөрвөн жилд өрх бүрийнхээ орлогыг нэмэгдүүлсэн, амьдралыг дээшлүүлсэн дорвитой ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн зорилго тавьсан. Хүн нийгмийн хөдөлгөгч хүч гэдэг утгаараа хүний хөгжлийг голлоно.
 
Материаллаг хөгжил гэхээсээ илүүтэйгээр иргэдийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх эдийн засгийг бий болгохоор төлөвлөсөн. Монголчууд сүүлийн жилүүдэд баялаг бүтээдэг болчихсон байна. Гагцхүү тэдний хийсэн бүтээгдэхүүнийг ямар оновчтой сувгаар борлуулах вэ гэдэг асуудал л тулгамдаж байгаа. Үүнийг шийдчихвэл нийгэмд тулгарсан ажилгүйдэл, ядуурал шийдэгдэнэ гэж харж байна. Ганцаараа гэхээсээ илүүтэй бүсийн хэмжээнд зохион байгуулах талаар бодож байна. Аймгийн хэмжээний ганц нүүрсний уурхай манайд байдаг ч тогтвортой ажиллахгүй байна. Уурхай ажилласнаар зөвхөн манай сумаас 112 хүн ажлын байраар хангагдана.
 
Ирэх дөрвөн жилд уул уурхай гэхээсээ илүүтэйгээр экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүүтэй баримтлая гэж байгаа. Шаамараас зөгий үржүүлгийн хөтөлбөр боловсруулж байна. Үүнийг дагаад аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэв.
 
 
 
ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ 2017 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЯРИЛЦАВ
 
 
 
Арга хэмжээ гурав дахь өдрөө буюу бямба гаригт “Сэлэнгэ аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөгөөнөөр үргэлжлэв. Туслах хүчний зөвлөлийн дарга, гишүүд болох Аймгийн Засаг дарга болон агентлагийн холбогдох албан тушаалтнууд Хил хамгаалалтад туслах 2017 оны ажлын төлөвлөгөөгөө ярилцсан юм. Энэ үеэр хилийн цагийн байдал, анхаарах зүйлсийн талаар Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн “Монгол-Оросын хил дээр явагдсан тусгай арга хэмжээний явцад ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 100 гаруй зөрчил илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ  төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа төдийгүй хоёр улсын иргэд үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж болзошгүй. Хилийн зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 2600 гаруй иргэн, хоёр аж ахуй нэгж бий. Мөн заставын хариуцсан хэсэгт 960 гаруй иргэн самар түүх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван иргэн амиа алдаж, нэг иргэн олдоогүй. Тиймээс туслах хүчний зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг улирал бүр дүгнэж үр дүнг нь  тооцох зэргээр анхаарах ажил цөөнгүй байна” гэлээ.
 
Мөн хилийн 0101 дүгээр ангийн орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Батболд “Бусдын нэрээр буцах үнэмлэх авсан монгол иргэд, хуулийн хариуцлагаас оргон зайлагсад, зохион байгуулалттайгаар хар тамхи, эм бэлдмэл нэвтрүүлэх зөрчил гарч байна. Цаашид Алтанбулаг авто зам, боомтуудыг тохижуулан олон улсын жишигт хүргэх. Ангийн төвийн барилгуудыг нэгдсэн дулааны шугамд холбуулж, гэрэлтүүлэг хийх. Сүхбаатар төмөр замын шалгалтын өрөөг иж бүрэн тохижуулах шаардлагатай” гэдгийг онцоллоо.
 
Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн гишүүдийг сонсч, энэ оны ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Тухайлбал, улсын хил хамгаалалтад шаардагдах зардлыг сумдын төсөвт суулгаж хяналт тавьж ажиллах, “Нэг баг-Нэг агт”, “Нэг аж ахуй нэгж-Нэг мотоцикль” аян өрнүүлж үр дүнг тооцох, хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан иргэдийг бүрэлдэхүүнд оруулахаар төлөвлөжээ.
 
Түүнчлэн хил дамнасан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад хилийн заставуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх,  отряд, заставуудад ажиллаж буй албан хаагчид, туслах хүчний гишүүдийг эрүүл мэндийн үзлэг, нарийн оношлогоонд хамруулах, заставуудыг цасны чарга, моторт завиар хангах, Хар горхи, Номтын заставт гэр цэцэрлэг ажиллуулах зэргээр олон ажил төлөвлөжээ.
 
С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ