sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд  Трампын тангараг өргөх ёслолд бэлтгэн сургуулилт хийжээ.
 
Вашингтон хотноо Конгрессын ордны өмнө зассан тайзан дээр өнгөрөгч амралтын өдөр Америкийн цэргийн албан хаагчид болон бусад хүмүүс сургуулилт хийсэн байна.
 
Тэнд Д.Трамп болон Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пенс нар тангараг өргөх юм. Сургуулилтын үеэр Д.Трампыг орлон тоглосон 53 настай тэргүүн ахлагч хар костюм, цагаан цамц, улаан зангиатай байлаа. Харин 28 настай хөгжмийн найруулагч хүн Д.Трампын эхнэр Мелания Трампыг орлон тогложээ.
Конгрессын ордон болон Цагаан ордны хоорондох гудамжинд цэргийн хамтлагийн хөгжимчид, дуучид мөн сургуулилт хийжээ.
 
Энэ сургуулилттай холбогдуулан Д.Трамп твиттер хуудсандаа “тангараг өргөх ёслол ойртож байна. Төсөөлснөөс ч илүү сүрлэг ёслол болно гэдэгт итгэлтэй байна. Хөгжилтэй байцгаая!” гэжээ.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолын үеэр "nuclear football" буюу “цөмийн хөлбөмбөг” гэдэг цүнхтэй байх аж. Энэхүү цүнхэнд ямар нэгэн халдлага болсон үед ашиглах харилцаа холбооны хэрэгслүүд болон бусад зүйлс байдаг юм.
700-900 мянга орчим хүн тангараг өргөх ёслолд оролцох төлөвтэй байна.
 
Тангараг өргөх ёслолын үеэр 100 орчим иргэний бүлэг эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байна. Аюулаас хамгаалах хүчний 28 мянга орчим албан хаагч аюулгүй байдлыг хангах ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг