sonin.mn
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг 1 дүгээр сарын 11-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
 
Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа ороод буй Элчин сайд М.Такаокад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
 
Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын хөгжил дэвшилд Япон Улсын зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө Элчин сайдтай бүх талаар хамтран ажиллахаа нотлов. Энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаад монголын тал өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлтгэл ханган ажиллаж байгааг танилцуулав. Мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, шинэ Дунд хугацааны хөтөлбөр байгуулах, давхар татварын хэлэлцээр байгуулахад чиглэсэн яриа хэлэлцээг урагшлуулах, төр хувийн хэвшлийн уулзалтыг зохион байгуулах зэрэг томоохон, зорилт ажлуудыг энэ онд хэрэгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв.
 
Элчин сайд М.Такаока Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй, бататган хөгжүүлэх чиглэлд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.