sonin.mn
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
 
Хуралдаанаар 2015-2016 оны хэлэлцээрийн биелэлт, 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Засгийн газар, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭЗНХ)-ны хамтарсан ажлын хэсэг 6 бүлэг 69 заалттай 2015-2016 оны хэлэлцээрийн биелэлтийг 74.9 хувь гэж дүгнэсэн байна.
 
Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийн тухай, Мэргэжлийн боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа зэргээр хэлэлцээрийн  Нэгдүгээр бүлэг буюу хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын биелэлт сайн байгаа гэж дүгнэсэн байна. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж чадаагүй тул Цалин хөлс, нийгмийн хамгааллын бүлгийн хэрэгжилт 64 хувь буюу муу гэсэн дүнтэй гарчээ.
 
Харин олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад хөдлөнгийн байгууллагаар үнэлгээ хийх ажил огт хэрэгжээгүй байгаа юм. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар 42 арга хэмжээ зохион байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд 82.3 хувийн биелэлттэй байгаа юм. Харин МҮЭХ 6 асуудал хариуцаж хэрэгжүүлэх байснаас 23.3 хувийг нь биелүүлжээ. МАОЭНХ нэг асуудал хариуцсанаа 40 хувьтай биелүүлсэн байна. Харин оролцогч талууд хамтран 20 ажил хийхээр төлөвлөсөн нь 74 хувийн биелэлттэй байгаа аж.
 
2017-2018 оны хэлэлцээрийн төсөлд Эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байрыг хадгалах, нийгмийн түншлэлийг сайжруулах чиглэлээр 4 бүлэг 37 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Хэлэлцээрийн төсөлд МҮЭХ-ноос ирүүлсэн хэд хэдэн саналыг тусгаагүй байгааг тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн. МҮЭХ-ноос ирүүлсэн саналд 2015-2016 оны хэлэлцээрт тохирсон цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулах болон бусад хэрэгжүүлж чадаагүй ажлуудыг үргэлжлүүлэх зэрэг асуудал багтжээ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй хэмээн Ажлын хэсгээс хариулсан. Түүнчлэн бусад саналыг хэлэлцээр явж байх үед төсөлд нэмж суулгах боломжтой гэж үзсэн гэсэн тайлбар өглөө.
 
Энэ үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр МҮЭХ-ноос ирүүлсэн саналыг төсөлд тусгах чиглэлээр судалгаа хийх, санал боловсруулах ажлын хэсгийг хэлэлцээрт оролцогч талуудаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
 
2017-2018 оны хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Н.Номтойбаяр сайд Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, УИХ-аар хэлэлцүүлж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
 
Төслийн Хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох хэсэгт Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг оруулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг олон улсад даатгалын тогтолцоотой уялдуулдаг байна. Өөрөөр хэлбэл, тухайн жилд осолгүй ажилласан аж ахуйн нэгжүүдийн төлөх даатгалын хэмжээг бууруулдаг, осол гаргасан тоогоор нэмдэх бодлого баримталдаг байна. Энэхүү туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр багц хуулийн төсөлд оруулах аж. Түүнчлэн 114 тэрбум төгрөгийн хуримтлалтай Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулахаар төлөвлөсөн байна. Эрүүл мэндийн даатгал төлөгчид үйлчилгээгээ бүрэн авч чаддаггүй гэсэн гомдол ихээр ирүүлдэг аж. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх, даатгалын мөнгөний зарцуулалтад хяналт тавих системийг нэвтрүүлэх аж. Мөн Хувийн тэтгэврийн сан байгуулах эрхзүйн орчин бүрдүүлэх чиглэлээр судалгаа явуулж байгааг Н.Номтойбаяр сайд хэлсэн.
 
Мөн тэрбээр, МСҮТ-үүдэд бизнест суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цахилгаан халаагуур үйлдвэрлэх мэргэжилтэн бэлгэх юм. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр боловрсуулах чиглэлд анхаарна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж бий. Энэ санд 17 тэрбум төгрөгийн хуримтлалтай бөгөөд уг хөрөнгөө Төрийн банканд хүүгүй хадгалуулдаг байсныг болиулж, арилжааны банкуудад бага хүүтэй байршуулах болсон. Цаашдаа хуримтлалыг нэмэх чиглэлд анхаарч ажиллана.
 
Ур чадварт нийцсэн цалингийн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг хөндөнө. 2012 онд Төрийн албан хаагч 150 мянга байсан бол эдүгээ 20 хувиар нэмэгдсэн. Гэтэл хүн ам 3 хувиар өссөн байна. Тэдний авч байгаа цалин, хөдөлмөрийн бүтээмж, сахилга батыг цалинтай уялдуулах хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөж, үр бүтээлтэй ажиллахын хирээр урамшуулал хүртдэг байх тогтолцооны эхлэлийг тавих нь бидний хийх томоохон ажил. Уг ажлыг боловсрол, эрүүл мэндийн салбараас эхлэх ёстой” хэмээв.
 
Ийнхүү өнөөдрийн хэлэлцээр өндөрлөж, дараагийн хурлаа энэ долоо хоногийн Пүрэв гарагт хийхээр тогтлоо.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг