sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
 
Хуралдаанаар Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлтэй холбоотой ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонсчээ. Мөн Мал эрүүлжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай зэрэг хуулийн төслөөрх ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн танилцуулгыг сонссон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслөөр танилцуулга хийжээ. Эдгээр асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцээд “Дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурьт нэгдсэн гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээлэв.
 
Дотоодын цэргийг дахин байгуулах болсон тухайд Я.Содбаатар гишүүн, “Дотоодын цэрэг нь анх 1922 онд байгуулагдсан. Улмаар Нийгмийг хамгаалах яамны харьяанд байж байгаад 1992 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын харьяанд үйл ажиллагаагаа явуулж байсныг 2014 онд татан буулгасан. Ингэснээр дотоодын цэргийн чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Дотоодын цэрэгт хэд хэдэн анхаарах асуудал байдаг. Нэгдүгээрт улсын чухал обьектуудыг хамгаалдаг. Энэ чиг үүргийг одоо цагдаагийн байгууллага хариуцаж байна. Үүнийг цаашдаа дотоодын цэргээр гүйцэтгүүлэх нь аюулгүй байдал, төсөв санхүү, зохион байгуулалт гээд олон талаасаа оновчтой.
 
Хоёрдугаарт олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх үед дотоодын цэргийг оролцуулах нь чухал юм. Олон улсын жишиг ч ийм байдаг. Тиймээс салбарынхны гаргасан судалгаа дүгнэлтүүдийг үзээд хуучин тогтолцоонд нь шилжүүлэх нь зүйтэй юм хэмээн үзсэн” гэлээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг