sonin.mn
 “Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг Засгийн газраас баталсан билээ.
 
Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно. Ингэснээр 2.5 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй Улуг-Хемийн ордоос жилд 47 сая хүртэл тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх боломжтой болох юм. Мөн  Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно. Мөн “Сайншанд” зэрэг аж үйлдвэрийн цогцолборт ашигт малтмалын гаралтай түүхий эд нийлүүлэх боломж бүрдэнэ. Орд газрууд, аж үйлдвэрийн цогцолбор болон хот, суурин газруудыг төмөр замаар холбож нэгдсэн сүлжээтэй болно.
 
Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар байна.
 
Мөн Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг “China Railway First Survey and Design Institute Group”-ээс хүлээн авснаа мэдээллээ. Үүнд дурдсанаар, энэхүү төмөр замыг байгуулах нь санхүүгийн хувьд боломжтой, мөн төмөр замаа өргөжүүлэх сонирхолтой Монголын Засгийн газрын эрдэс баялгийн хөгжлийн стратегитай уялдаж байгаа гэсэн байна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн биржид “Aspire Mining”-ийн хувьцааны ханш 10 хувиар чангарч, 0.03 австрали доллар болсон байна.
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин