sonin.mn
Москва дахь “Шөнийн чоно” мотоциклчдын клубын лидер Александр Залдостанов Орос дахь аялал жуулчлалын хөгжлийн форум дээр ирэхэд ВВС-ийн сурвалжлагч уулзаж ярилцжээ.
 
Ерөнхийлөгч В.Путиний дотны анд, шүтэн бишрэгч тэрээр ОХУ дахь анхны байкеруудын холбоог үндэслэсэн юм. Кремлийн удирдагчтай ихэд ойр, дотны анд зөвлөгч нь байснаараа АНУ-ын хориг арга хэмжээнд өртөж байсан нэгэн.
 
-АНУ-ын хориг арга хэмжээ бидэнд ихээхэн саад болж байна гэх юм. Одоо Трамп гарч ирээд хоригийг цуцлах болов уу?
 
-Тэгж бодохгүй байна. Тэр бол зүгээр л нөхцөл байдал, хүрээллийнхээ барьцааны хүн. Трамп Оросын хувьд орос хүн бүр итгэхийг хүссэн шинэ жилийн үлгэр байсан. Чадалтай залуу Трамп хөгшин Изергиль, Үхэшгүй мөнхийн Кощейг ялан дийлсэн. Тэр гарч ирснээр стратегийн ямар нэг өөрчлөлт гарч ирнэ гэж бид итгэсэн. Үнэндээ тэрээр ямар нэг зүйлийг хүчтэй, эрс өөрчилж чадах нь юу л бол.
 
Америк бол тогтсон шүтээн, шашин шүү дээ. Удирдагч нь солигдож байдаг ч юу ч өөрчлөгддөггүй. Америкийг хүчтэй улс байлгахын тулд Трамп бүхнийг хийх болно. Оросууд бид өөрсдөө хүчтэй болж байж л Америктай нэг зиндаа, төвшинд ярилцаж, ойлголцож чадна. Гэвч нэг онцлог байдаг нь хувь хүн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэх нь бий. Трамп мөнхийн юм шиг өрсөлдөөнөөс ангид байж чадвал бидний харилцаанд оршиж буй үзэн ядалт, муу сэтгэлийг арилгаж чадах хүн.
 
-Трамп Крымийг хүлээн зөвшөөрөх болов уу?
 
-Түүнд ийм боломж олгох уу гэдгээс л бүх зүйл шалтгаалах байх. Тэр жинхэнэ, хүчтэй, чигч шударга хүн юм бол Крымийг хүлээн зөвшөөрнө. Тэр олон зүйлийг өөрчлөх боломжтой.
 
-Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Путин нэрээ дэвшүүлэхгүй бол яах вэ?
 
-Түүний оронд хэн нэг нь байна гэдгийг би л лав төсөөлөхгүй байна. Оросын ард түмэн ч төсөөлөхгүй байх. Путин бол Оросын баталгаа. Тэр дэвшихгүй байж чадахгүй гэж бодож байна. Тэр хүчтэй, эрүүл байна. Түүнд эх орноо гэсэн сэтгэл бий, өөр юу хэрэгтэй юм. Ийм хүчтэй лидер ойрд төрөхгүй гэдэгт итгэдэг. Орос орноо дахиад олон жил удирдах хүчийг Бурхан түүнд хайрлах биз ээ.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин