sonin.mn
ПАРИС./Reuters/. Европ болон НАТО-гийн талаар АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хэлсэн үгэнд маш сэтгэл дундуур байгаагаа Франц болон Германы удирдагчид илэрхийллээ.
 
Д.Трамп өнгөрсөн ням гарагт “The Times of London” болон Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө “Их Британийн Европын Холбооноос /ЕХ/ гарах шийдвэр “том зүйл дагуулна” гэж хэлээд “өөр олон улс ЕХ-ноос гарах болно” гэсэн юм.
 
Үүний хариуд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Европт гадныхны зөвлөгөө хэрэггүй. Бид юу хийхээ хэн нэгнээр заалгахгүй” гэжээ. Халаагаа өгөх гэж буй АНУ-ын Элчин сайдад шагнал гардуулах арга хэмжээний үеэр Ф.Олланд ийм мэдэгдэл хийсэн байна. Мөн Атлантын далай дамнасан НАТО-гийн эвслийг Д.Трамп “хуучирч үеэ өнгөрөөсөн” байгууллага гэж тодорхойлоод “НАТО террорист халдлагаас ч урьдчилан сэргийлж чадахгүй байна” гэж хэлсэн байна. Хариуд нь Ф.Олланд хэлэхдээ “аюул заналхийлэл үеэ өнгөрөөх тэр үед л НАТО хуучирна” гэжээ.
 
Германы Канцлер Ангела Меркель даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “европчуудын хувь заяа өөрсдийнх нь гарт бий” гэж хэлээд “ЕХ-ны гишүүн улсууд цаашид улам эв нэгдэлтэй байх болно” гэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг