sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
 
Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлыг батлах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа дөхөж байна. Одоо энэ хуулийг хэлэлцвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой гэж тайлбарлан, улс төржүүлэх хүмүүс олон байгаа тул хойшлуулах хэрэгтэй” хэмээн тайлбарласан.
 
Засгийн газраас дээрх хуулийн төслүүдийг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт цаг болгон өргөн мэдүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулийг боловсруулж амжаагүй тул эхний гурван хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэдгийг ХЗДХ-ын сайд С.Бямбацогт хэлээд “Дөрөв дэхь хуулийг боловсруулж, Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа хамтад нь хэлэлцэх нь зөв” гэлээ.
Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх гурван хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ