sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
 
Улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох зорилгоор 1922 онд Дотоодын цэргийг байгуулжээ. УИХ-аас 2014 онд Дотоодын цэргийн  чиг үүргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Гэвч улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, үймээн самууны үед иргэний аюулгүй байдлыг хангах, гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан хорио цээрийн дэглэмийг сахиулах зорилгоор дотоодын цэргийг дахин байгуулах шаардлага тулгарсан гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс Дотоодын цэргийг дахин байгуулахад төсвөөс хэдэн төгрөг гаргах талаар тодруулсан. Дотоодын цэргийг татан буулгахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан барилга, тоног төхөөрөмж хэвийн хадгалагдаж байгаа гэдгийг Ажлын хэсгээс хэлээд, “Ирэх оны төсөвт нэг барилга барих хөрөнгө суулгах шаардлагатай. Өөр хөрөнгө хэрэггүй” гэсэн хариулт өглөө.
 
Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Энэ хууль батлагдсанаа Тахарын албаны чиг үүрэг Дотоодын цэрэгт шилжинэ. Тиймээс Тахарын албаны явуулж байсан үйл ажиллагааг судлан, хуулийн төсөлд нарийвчлан тусгах хэрэгтэй” гэсэн санал хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Өмнөх Засгийн газрын үед Дотоодын цэргийг төмөр зам барих зэрэг бүтээн байгуулалтад ашиглах тухай яриа гардаг байсан. Ийм асуудал байж болохгүй” гэсэн бол ХЗДХ-ын сайд, “Улсын нууцын зэрэглэлд хамааралтай барилга барихад цэргийн алба хаагчийг ажиллуулна. Бусдаар ямар нэгэн бүтээн байгуулалтад оролцуулахгүй” хэмээв.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг