sonin.mn
ЙЕМЕН./Reuters/. “Хусит” бүлэглэлийн босогчид болон Йемений засгийн газрыг дэмждэг Саудын Арави тэргүүтэй эвслийн хооронд дэгдсэн дайны явцад наад зах нь 10 мянган хүн амь үрэгдээд байна гэж НҮБ мэдэгдлээ.
 
Ийм олон хүн амиа алдсан нь Йеменд 21 сар гаруйн турш үргэлжилж буй байлдааны ажиллагааг зогсоож, асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг харуулж байна гэж НҮБ-ын албаны хүмүүс цохон тэмдэглэв.
 
НҮБ-ын нэгэн төлөөлөгч Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадитай тус улсын боомтын хот болох Аденд даваа гарагт уулзсаны дараа амь үрэгдэгсдийн тоог нийтэд мэдээллээ.
 
“Хусит” бүлэглэлийнхэн болон засгийн газрын цэргүүдийн хооронд 2015 оны гуравдугаар сард мөргөлдөөн дэгдсэн юм. Йемений хууль ёсны засаг захиргааны эрх мэдлийг сэргээхийн тулд Саудын Арави тэргүүтэй холбоотны хүчин тус улсад дэгдсэн иргэний дайнд хөндлөнгөөс оролцож байна. 
НҮБ-ын Йемений асуудал эрхэлсэн зохицуулагч Жейми Макголдрик хэлэхдээ “мөргөлдөөн эхэлснээс хойш 10 мянга гаруй хүн амь үрэгдэж, бараг 40 мянган хүн шархдаад байна” гэв.
 
Мөн байлдааны ажиллагаа хүн ам шигүү суурьшсан бүсэд хүрээгээ тэлсний улмаас хэдэн сая хүн хүнсний хомсдолд ороод байна. Макголдрик хэлэхдээ “дараагийн удаа хоол хүнс хэзээ, хаанаас ирэх бол гэж хүлээсэн 7 сая орчим хүн тус улсад байна” гэлээ.
 
НҮБ-ын төлөөлөгч Исмаил Ульд Шейх Ахмед Йемен дэх нөхцөл байдлын талаар энэ сарын сүүлчээр Аюулгүйн Зөвлөлд тайлагнах ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг