sonin.mn
Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо /ММХХХ/ байгуулагдсанаа өнөөдөр зарлаж, малчдад тулгамдаж буй асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
"Монгол Улсын оршин тогтнох гол үндэс болох нүүдлийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, энэ цаг үед тохиож буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, Монгол түмнээрээ төвшин сайханд хүрэхийн төлөө малчид эвлэлдэн нэгдэж эл холбоог байгууллаа хэмээн ММХХХ-ны тэргүүн Э.Ганбаатар онцлов.
 
Харин тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батсайхан ярихдаа, "Монгол Улсын нийт нутгийн  0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч байна. Малчид маань голомтоо сахиж, газар нутгаа хамгаалж байна. Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, бэлчээрийн газар өмчлүүлнэ хэмээн  ярих болсон.  Эрчимжсэн мал аж ахуй хөгжвөл бид нүүдлийн уламжлалт соёл иргэншлээ алдана. Бэлчээрийн газрыг өмчлүүлбэл танил талтай нь газраа өмчилж, малчдын хооронд бэлчээр булаалдах маргаан дэгдэнэ. Монголыг Монголоор нь харагдуулдаг малчдыг даяарчлалд шахалгүй, нүүдлийн соёлоо хамгаалахад нь Шинэ Засгийн газар дэм болмоор байна” хэмээв.
 
Мөн үеэр ахмад малчид нүүдлийн уламжлалыг өвлүүлэх, залуу малчдын тоог бодлогоор нэмэгдүүлэх хэрэгтэйг тодотгосон юм.
Дээрх холбоо малчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн гурван асуудалд анхаарч ажиллах юм байна. Тодруулбал, Газар нутаг, бэлчээр усаа хамтаар хариуцан хамгаалах чиглэлээр байгальд ээлтэй малчид нэгдэж, бэлчээр, газар нутгийг сүйрэлд хүргэж буй  үйл ажиллагааг хориглон зогсоох, орон нутгаа хамгаалах чиглэлээр ажиллах аж.
 
Мөн мал сүргээ хамтаар хариуцан ахуй амьдралаа чадавхжуулах чиглэлээр малын үүлдэр, түүхий эдийн чанарыг сайжруулах, бэлчээрийн мал аж ахуйгаас гарах байгалийн цэвэр бүтээгдэхүүний дотоодын болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, өрх бүлээс өртөг шингэсэн, чанартай бүтээгдэхүүн гаргах замаар өрхийн болон улсын ахуйг тэтгэж ажиллахаар төлөвлөжээ.
 
Харин өв уламжлал, соёлоо хамтаар хариуцан өвлүүлэн дамнуулах чиглэлд нүүдэлчдийн соёлын биет ба биет бус хэлбэрийн өвийг тээгчийн хувьд мал маллагааны уламжлалт өв ухааныг сэргээх, хүүхэд залуусыг Монгол ухаанд сурган төлөвшүүлэх, залуу малчдыг заавар, мэдээллээр хангах, туршлагажуулах ажил хийхээ мэдэгдлээ.
 
М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг