sonin.mn
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ дүүрэг, хорооны хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийв. Түүнтэй ярилцлаа.
 
-Маргаан дагуулаад байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн харж байна вэ?
 
-МАН-ын хийж хэрэг­жүүлж байгаа хуулийн тө­сөл парламентын гадна байгаа намуудад таа­лагдахгүй байгаа. Ерөнхийлөгчийн сон­гууль шударгаар явагдаж чадах уу гэдэгт эргэлзэж байна. Тиймээс Ерөн­хийлөгчийн сонгуульд бэлтгэхээс илүү хууль нь шударга сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлж чадах эсэхэд шүүмжлэлтэй хандах ёстой. МАН цөөнх байхдаа луй­вар булхайтайгаар Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн.
 
Тухайн үед ажлын хэ­сэг гэж хэдэн хү­мүүс гаргаад тэдний зөв­шил­цөл, хоорондын най­маалц­лын үндсэн дээр намын нэрээр сон­гогдохгүй гэсэн зарчмыг алга болгож өнөөдөр МАН олонхийг бүрдүүлсэн. Гэтэл сонгуулийн үр дүнг харахад иргэд намын нэрээр сонголтоо хийсэн. Тухайн үед ийм луйврыг хийж чадсан юм чинь одоо олонхийг бүрдүүлчихээд байхад юу ч хийх эрх мэдэл, хүч чадал байна. Өнөөдөр ч эрх мэдлээрээ далайлгаж хууль бус зүйлсийг хийж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал яаж доройтов.
 
Үүнд анхаарал хандуулах биш улам л хувалз шиг олон болох, эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэхээр зүтгэж байна. Бодит байдал ийм л байна. Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн хуулийг өмнөх хуулиудын жишгээр явж байгаа гэж ярьж байгаа боловч хуулбарлаж аваад дотор нь луйвар булхайтай зүйлсээ шигтгэж оруулах зарчмаар ажиллаж, амьдарч байна. Үндсэн хуулийн заалтыг оруулсан гэж байгаа ч цагаа тулаад ирэхээр өөрсдөдөө ашигтай хувилбарыг оруулж ирлээ. Энгийн жишээ хэлэхэд  Монгол Улсад тасралтгүй таваас доошгүй жил ажил амьдарч байгаа хүнийг сонгоно гэнэ. Монгол Улсын иргэнийг л сонгох ёстой. Тэр хүн ажлаар, эрүүл мэндийн  шалтгаанаар гадаадад амьдарсан байж болно. Хүний амьдралд ямар ч нөхцөл байдал үүснэ. Гэтэл хувь хүнд зориулж хуульчилсан нь явцуу эрх ашгийн хүрээнд хийгдэж байна гэж үзэж байгаа.
 
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх байдаг. Гэтэл Сонгуулийн хуулийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн цэцийг хоёр удаа шийдвэр гаргуулж чадсан хүмүүс юу ч гэж хэлж бусдын амыг таглаж чадна. Эрх мэдэл хаана байна, тэнд бүх хүч төвлөрч байдаг юм байна. Бүх зүйлийг эрх мэдлээр далайлгаж боомилох гэж зүтгэж байна.
 
-Тухайлбал?
 
-АН-ын даргын сунгаа явж байна. Гэтэл сунгаанд МАН-ын гар хөл явж байгааг намын зарим гишүүд  хэлж байна.Өөрөөр хэлбэл, МАН өөрсдөдөө ашигтай хүчин мөхөс, МАН дийлэхүйц хүнийг сонгоход АН-ын даргын сунгаанд оролцохоор намын гишүүдээ бүртгүүлж байх жишээтэй. Энэ бүх бохир зүйлс эцсийн дүнд юуны төлөө байна гэвэл УИХ, аймаг нийслэлийн удирдлагыг авлаа. Дээрээс нь анхан шат, дүүргээ авчихлаа. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт 41 төлөөлөгч байлаа гэхэд 39-ийг нь авсан. 32 хороогоо бас авч байна.
 
Цаашлаад Ерөнхийлөгчийн албан тушаалыг авах сонирхолтой. Энд ард түмний сонирхол, эрх ашиг, шударга ёс, ажилгүйдэл, ядууралд анхаарал хандуулахгүй байна. Яаж мөнгө олж сонгууль явуулах вэ, хэрхэн бүх хүч эрх мэдлийг гартаа авах вэ гэдэг хувалз шиг бодлого явуулж байна. МАНАН-г 2012 оны сонгуулиар бүдгэрүүлж чадлаа гэсэн ч үнэхээр амь бөхтэй юм. Өнөөг хүртэл оршин тогтносоор л байна. Оюутолгой, Тавантолгойн асуудал дээр ямар байр суурьтай байгааг олон нийт харж байна. Үүний эсрэг тэмцэж байгаа хүмүүс АТГ-ын хаалгыг татдаг юм байна. МАНАН-гийн улс төр дамжсан, эдийн засаг бизнесийн бүлэглэл амь бөхтэй оршин тогтнож байгаа учраас өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль явж байна.
 
-Сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Мэргэжлийн Засгийн газарт ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
 
-Мэргэжлийн Засгийн газар гэж маш сайн тодотгосон. Гэтэл ам ажлын зөрүү байна. Дийлэнх олонхийг бүрдүүлээд Мэргэжлийн Засгийн газар байгуулж чадсан уу гэвэл үгүй гэж хэлнэ. Хэн хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй, намын даргадаа дулдуйдсан нь сайд  дарга болсон. Үнэхээр мэргэшсэн байсан бол хагас жилийн хугацаанд улс орны эдийн засагт ямар нэг ахиц дэвшил авчрах байсан.
 
Дээрдсэнгүй. Өргөс авсан мэт алга болохгүй ч өмнөх Засгийн газар, УИХ-ын үед өөрсдөө байгаагүй мэт аашилж байна. Миний хувьд Засгийн газрын гишүүн байхдаа кабинетын зарчмаа зөрчөөд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар хамгийн түрүүнд хэвлэлийн хурал хийж, асуудлыг олон түмэнд дэлгэж байсан.Гэтэл өнөөдөр бүлэглэлийн эрх ашиг дээгүүр тавигдаж байгааг харж байна. Тиймээс мэргэшсэн биш эрх мэдэл төвлөрүүлсэн Засгийн газрыг бүрдүүл­сэн. Өөрсдийнхөө төлөө ажиллах бэлтгэл ажлыг хангах, мөнгө олох, до­тоод зөрчлөө дарах гэж фрак­циудынхаа төлөөллийг оруулсан Засгийн газар болжээ гэж дүгнэж байна.
 
-АН шинэчлэгдэх гэж байна. МАХН-ын хувьд үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
 
-Манай нам маш сайн шинэчлэгдэж байна. Намын гишүүд урваж, шарваж байна. Үндсэн хууль, улстөрийн намын тухай хуульд өрсөлдөгч намынхаа дотоод асуудалд орж болохгүй гэсэн заалт бий. Намын гишүүдийг албан тушаал амлаад, урвуулаад авч байгаа нь намын дотоод асуудалд орсон үйлдэл. Харин ингэж оролцохын хэрээр манай нам цэвэршиж байна. “Ноён урваач, нохой шарваач” гэсэн үг бий. Үүнтэй адил ард түмэн урвадаггүй юм байна. Намын эрх мэдлийг авч, удирдах албан тушаалд нь ажиллаж байсан хүмүүс, эрх мэдэлтнүүд урвадаг юм байна. Тэр хэрээрээ бид хатуужиж, чангарч байгаа. МАХН-ын үндэс суурь нь бат бөх, чанга хатуу ард түмэн дээр суурилсан учраас хугарашгүй. Модоор бол нахиалаад цэцэг гарахад түүн дээр суусан зөгийнүүд урваад нисээд явж байна. Намар мод навчисаа хийсгэдэгтэй адил урвагчдыг явуулаад хавар нь шинэ цэцэг нахиална. Ингэж шинэчлэгдээд л явж байна.
 
Сонгуулиар МАХН-ын гишүүд муу ажилласандаа биш тэнд мөнгө тараалт, царцааны нүүдэл, худал амлалтууд явсан. Сонгуулийн хуулийг өөрчилж байх үед санал хураалтыг гар аргаар, хяналтын тооллого хийнэ гэж маргалдаж байсан МАН-ынхан гэнэт энэ тохироогоо больсон. Эргэлзээтэй санал хураалт болоход хяналтын тооллого хий­гээд эцсийн дүн нь хар, хайрц­гаар уу, хяналтын тоол­логоор уу гэдгийг хар хайрцгаар болгож үл­дээ­сэн. Хар машины түл­хүү­рийг мэддэг хүмүүс нь тохи­ролцжээ гэж үзэж байна. АН, МАН хоёр тухайн үед хан­цуй дотроо юу гэж то­хи­ролцсоныг мэдэхгүй. Ерөн­хийлөгчийн сонгуу­лийг барьцаалсныг  ч хэлж мэдэхгүй.
 
-Таны хувьд өнөөдөр /өчигдөр/ дүүрэгт болж буй хууль бус үйлдлийг эсэргүүцэж олон нийтэд хандлаа. Энэ бүхнийг зогсоох  гарцыг хэрхэн харж байна вэ?
 
- Өөрийгөө ард түмний нэгээхэн хэсэг учраас дуугарах ёстой гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн 41 төлөөлөгчийн 39 нь МАН. 32 хорооны 22 нь МАН-ын харъяалалтай Засаг даргатай. Дүүргийн хэмжээнд МАН ийм олонх байхад сэтгэл ханахгүй байна. Бүх эрх мэдлийг авч, гар хөлөө болгох гэж улайрч байна. Ах дүү, хамаатан саднаараа дүүргэчихээд жирийн иргэдийн үгийг сонсохгүй байна. Хорооны даргыг сонгохын тулд хүмүүсийг зөөж, зарласан цагаасаа эрт хуралдаж байна. 12000 хүн ам, 2-3 мянган өрхийн төлөөлөл болгож хэдэн хүнийг аваачаад санал өгүүлж байгааг хараад суух арга алга.
 
Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулийг зөрчиж, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг зөрчиж байна. Хууль бус үйлдлийг ил болгоё. Ард түмэн хорооны Засаг даргаар ямар хүн ажиллаж байгааг мэдэж авах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүр­гийн гэр хороололд байгаа иргэд гамшгийн нөхцөлд амьдарч байна. Цахилгаангүй, утаатай, хог шороотой. Автобусны буудал хол, харанхуй гудамжаар бэд­­чиж явна.
 
Үүний тө­лөө дуугарах хүмүү­сийг намын бодлогоор хайр­цаглаж, төлөөлөгчөөр За­саг даргыг тавьж чиг үүргийг нь давхардуулна гэдэг байж болшгүй зүйл. Ир­гэ­дээс нэр дэвшихээр бат­ламжихгүй байна. Энэ бүхнээс гарч, хууль бус үйлдлийг таслахын  тулд ард түмэн нэгдэх хэрэгтэй. Тэмцэгчийг эхлээд шоол­но, дараа нь муулна. Тэгээд дагадаг болдог. Үнэнээс айна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин