sonin.mn
Энэ удаагийн “Бизнес хөгжил” булангийн зочноор  “Seaberry farm products” компанийн захирал Д.Болортуяаг урьж ярилцлаа.
 
-“Seaberry farm products” компани дэлхийн томоохон хотуудад  бүтээгдэхүүнээ  зардаг гэж  сонсч байсан. Компаниа  анх хэзээ байгуулсан бэ?
 
-Манай компани 2013 онд анх үйл ажиллагаагаа  эхлэсэн. Монгол  чацарганыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгон гадны зах зээлд экспортод гаргах зорилготойгоор компаниа байгуулсан. Хамгийн анхны  дэлгүүрээ Сингапур улсад  нээж байсан. Гадны компаниудтай баг болон хамтарч ажиллаж байж бид олон  улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг.  Одоо бүтээгдэхүүнийхээ зах зээлд өрсөлдөх чадварыг үзээд явж байна. Цаашдаа Монголын чацарганыг  дэлхийн зах зээлд таниулсан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүд олныг хийхээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Чацаргана эрүүл супер жимс гэдгээрээ дэлхийн зах зээлд  танигдаж эхэлсэн. Бид түүхий эдийг нь олон  улсын стандартад нийцсэн чанартайгаар боловсруулдаг гэдгээрээ онцлог.
 
-Чацарганыг  манайхаас өөр тариалдаг орон хэр  олон байдаг вэ?
 
-Хятад, Канад, Энэтхэг, Пакистан зэрэг чацаргана тариалдаг улс орон  олон байгаа. Хятадад их хэмжээгээр тариалахын тулд химийн бодис хэрэглэдэг. Байгалийн эрс  тэс уур амьсгалтай Монголын онгон зэрлэг талд ургасан эрүүл органик гэдэг утгаараа манай чацаргана дэлхийн зах зээлд  өрсөлдөх  чадвартай байгаа юм. Маш хүйтэн газар ургаж байгаа учраас Монголд ургасан чацарганад  агуулагдаж байгаа антиоксидант омега зэрэг витамины агууламж нь  их байдаг.
 
Хүний  биед хэрэгтэй  тэр олон витамины агууламжтай учраас чацаргана жимс эрүүл мэнд, гоо сайхны  салбарт  тренд  болж байгаа. Дэлхийн супер  таван  жимсний  нэг гэдэг утгаараа яг одоо хүчээ авч байна. Бид  үүнийг нь ашиглан хүний хэрэгцээнд таарсан шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. Цаашид хийх  ажил ч  их байна.
 
-Олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг компани Монголд хуруу дарам цөөхөн бий. Тухайн улсын хууль эрхзүй болон бизнесийн  орчинг  судлахаас эхлээд ажил их биз дээ?
 
-Тэгэлгүй яахав. Амаргүй л дээ. Олон улсын  зах зээлд бизнес хийхэд хууль дүрэм, тээвэрлэлт, гааль борлуулалтын  журамтай нь сайн  танилцаж  судалгаагаа хийх  хэрэгтэй. Бизнесийн орчин хууль эрхзүйн орчин хэрэглэгч зэрэг бүх сувгуудаа  судлах нь маш чухал.  Хэзээ  нэгэн цагт гадны  зах зээлд ажиллана  гэж  хойшлуулаад  байлгүй зоригтой ажиллаж  эхлэх хэрэгтэй. Угаасаа дэлхий глобал болж байна. Монголчууд  гадны компаниудтай  өрсөлдөх цаг болсон. Гадаадад бизнес хийхэд хамгийн чухал нь  сайн хамтрагч. Гадны  компани, хувь хүмүүстэй харилцаа  холбоогоо өргөжүүлж,  нээлттэй, уян  хатан байвал  бидэнд боломж  маш их байна.
 
Улс бүрийн  бизнесийн болон хууль эрх зүйн орчин өөр өөр байдаг. Тэр бүрт тохируулан үйл ажиллагаа явуулна  гэдэг амаргүй.  Бизнес хийх явцад алдаж  онох, мэдэхгүйгээ мэдэх  олон  асуудал гарч ирнэ.
 
Бидний гол зорилго монгол чацарганыг дэлхийн зах зээлд гаргаж ирэх. Бид  анх удаа олон улсын глобал бизнес хийж эхэлсэн болохоор ямар нэгэн бэрхшээл тулгарсан ч даваад явах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Алдвал алдаан дээрээ суралцаад явж байна.
 
-Монголдоо гэлтгүй  дэлхийн зах зээл рүү харж бизнес хийж байгаа танай компанийн алсын хараа тэр хэмжээний том байх?
 
-Монгол түүхий эдээр хийгдсэн эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дэл­хийн  зах зээлд  та­ниг­даж тодорхой хэм­жээг нь эзэлсэн сайн борлуулалттай байна. Монголчуудаа  ажлын байраар хангаж, улсын­хаа эдийн засагт уул уур­хайгаас  бусад экспортын гарцыг гаргах алсын хараатай ажиллаж байна
 
-Танайхыг Францын гоо сайхны алдартай брэнд “Clarins”-ийн үйлдвэрт бүтээгдэхүүнээ  үйлдвэрлэдэг гэж  сонссон. Энэ тухайд?   
 
-Монгол  компаниуд үйлдвэрлэл  маркетинг гээд бүгдийг өөрсдөө хийдэг. Томоохон брэндүүд өөрсдийн томъёоллоо гаргаад үйлдвэрлэгч  компаниу­даар үйлдвэрлүүлээд түүнийгээ зах зээлд гаргадаг. Захиалагч зөвхөн маркетингаа л хийх системээр явдаг. Брэндинг  нь брэндингээ, тээвэрлэлт  хийдэг нь  тээвэрлэлтээ хийнэ. Солонгосын космакс гэдэг  косметик үйлдвэрлэгч  ¹1 компани байдаг. Энэ үйлдвэрт “Chanel”,  “L’Оreal” “Clarins”  зэрэг брэндүүд гэрээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг. Энэ үйлдвэрт бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлж байна. “L’Оreal”-ийн зөвлөх байсан Францын химичтэй бид хамтарч ажилладаг учраас манай бүтээгдэхүүн дээрх  брэндүүдээс дутахааргүй чанартай.
 
-Танай бүтээгдэхүүн дээр  “made inKorea” гэсэн байх юм. Солонгост үйлдвэрлэсэн ч Монгол бүтээгдэхүүн гэж зарладаггүй юм уу?
 
-Яагаад Монголдоо  үйлдвэрлэдэггүй  юм бэ гэж хүмүүс их асуудаг л даа. Бид ложистикийн асуудлаа шийдэхийн тулд Солонгост үйлдвэрлэдэг.  Монголоос  тээвэрлэлт  хийхээр  маш үнэтэй.  Нөгөө талаар Солонгос  улс  эрүүл мэнд  гоо сайхны тал дээр тренд  орон  болсон. Засгийн  газраас нь гоо сайхан эрүүл мэндийн  салбартаа хөрөнгө оруулалт хийж бодлогоор маш их дэмждэг. Монгол Улс маань гоо сайхны бүтээгдэхүүнээрээ танигдаагүй учраас “Монголд  үйлдвэрлэв”  гэхээсээ  илүү “Солонгост үйлдвэрлэв” гэсэн нь хүмүүст илүү сайн гэж ойлгогдож байна. Мэдээж  бид алсдаа бүтээгдэхүүнээ  танигдаад ирэхээр Монголдоо үйлдвэрлээд  Хятад, Орос, Казахстан улсад экспортолно.
 
-Олон улсын зах зээл рүү хандсан бизнес хийнэ гэдэг  маш их мөнгө биз дээ. Тэр тусмаа танайх шиг гадаадад  үйлдвэрлэдэг, гадаадад худалддаг компанид  бол хөрөнгө оруулагч  чухал байх? 
 
- Манай компани гурван хөрөнгө оруулагчтай. Анх би энэ төслөө  бичээд хөрөнгө оруулагч нарыг татан  оролцуулсан.  Хоёр нь Монгол талын хөрөнгө оруулагч. Нэг нь  Америк  компани байдаг. Үйлдвэрлэл  явах тусам илүү их хөрөнгө оруулалт  хэрэгтэй  болдог  юм байна. Бид  өөрсдийн  борлуулалтаа сайжруулаад, борлуулалт­даа тулгуурласан шинэ бүтээгдэхүүн  гаргаад  явж байна. Ганц  эцсийн бүтээгдэхүүн гэлтгүй түүхий  эд боловсруулдаг үйлдвэртээ борлуулалтын ашгаасаа оруулах төлөвлөгөөтэй  ажиллаж байгаа.
 
Л.Жаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин