sonin.mn
Нийслэлийн агаарын бохирдлын асуудал ужгирч, улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр тун саяхан хэлэлцлээ. Энэ сэдвээр ярихгүй ам, бодохгүй толгой байхгүй боллоо. Энэ ч аргагүй. "Лучше поздно чем никогда” гэж орос үг байдаг.
 
Улсын Ерөнхий сайд агаарын бохирдлын асуудалд өндөр ач холбогдол өгөн биечлэн барьж авч, асуудлыг шийдэхээр үнэхээр хичээж байгаа нь бэлхнээ харагдаж байна. Гүйцэтгэх засаглалын нэгдүгээр хүн ингэж махарч байхад нийслэлийн иргэн бүр,тэр дундаа төмөр замчид бид уухайлах ёстой. Ерөнхий сайдыг эцээхэн дэмжихийг хүн бүрт уриалж байна. Ерөнхий сайдад бодитой дэмжлэг хэрэгтэй байна!
 
Нэн чухал энэ асуудалд төмөр замчид бид хэрхэн хувь нэмрээ оруулах вэ? Энэ талаар төмөр замын удирдлага, хамт олон жин дарахуйц олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь дамжиггүй. Угаасаа УБТЗ улсын хэмжээнд шинийг санаачлагч, аливаад хошуучлагч байсаар ирсэн түүхэн баялаг уламжлалтай газар билээ.
 
Агаарын бохирдлын энэ асуудлаар өөрт бодогдож байгаа зарим зүйлээс хамт олонтойгоо хуваалцахаар шийдэж үзэг цаас нийлүүлж сууна. Улаанбаатар хотод төмөр замд данстай яндангаас нь утаа гарч байгаа хэдэн обьект байгаа /уурын зуух, зорчигчийн вагон, манаачийн шовгор...г.м./ талаарх судалгааг нэг бүрчлэн гаргаж, аль болох ойрын хугацаанд цахилгаан халаалтад шилжүүлэх ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй боллоо.
 
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Улаанбаатар вокзалын орчимд багагүй утаа гаргаж, орчныг бохирдуулдаг обьект бол яах аргагүй хэдэн хуучирсан зорчигчийн вагонууд. Суудлын вагонууд Вагон депогийн хашаанд халуунаар зогсох хугацаандаа ойр орчноо хөөрхөн утаад авч байгаа. Энэ байдлаасаа зоригтой гарах хэрэгтэй. Жишээ нь, хэдэн ногоон вагоноо депод халуун зогсолт хийж байх үед нь нүүрс түлэлгүйгээр цахилгаамаар халаадаг болгох хэрэгтэй юм. Үүнийг манайхан түвэггүй чадна.
 
Харин хөдөлмөрийн аюулгүй байдал гал хөсний талыг нь дөмөгхөн анхаарч шийдэх нь зүйтэй. Одоогоос хориод жилийн өмнө шиг санаж байна. Миний бие Дорнод Сибирийн төмөр эамд суудлын галт тэрэгнүүдээ депо дээрээ цахилгаанаар халааж байгаатай нь танилцаж байсан. 20 гаруй вагонтой составийг 6000 вольтод холбоод л халааж байсан санагдана. Вагонуудыг цахилгаанаар халааж байх үед тэр урт бүрэлдэхүүнд нэг л халаалтын засварчин жижүүрлэдэг бололтой юм билээ.
 
Үйлчлэгчийн хөдөлмөр, түлээ нүүрсний зардлаа хэмнэчихдэг гэж байсан санагдана. Энэ бол 20 жилийн өмнөх явдал. Тэр үед Улаанбаатар хот утаагүй шахам байлаа.Өнөө цагт өшөө хялбархнаар шийдэх ч боломж бий болсон биз. Галт тэрэг Улаанбаатар вокзал дээр очиж посадка хийх тэрхэн хооронд нь сайн чанарын шахмал түлш түлж болно. Тэгээд шугам замдаа Алагтолгойнхоо аргал шиг сайхан нүүрсийг түлнэ биз.
 
Манай зүтгүүрчдийн хувьд бодох, сэдэх ажил зөндөө бий. Кольц нь муудсан хэдэн зүтгүүрээ яах вэ? Ямар зохион байгуулалт хийх вэ? гээд л техникийн болоод зохион байгуулалтын талаас нь бодох, өөрчлөх зүйл багагүй байгаа. Ядаж л яндангаас нь хар утаа баагидаг зүтгүүрийг зорчигчийн галт тэргэнд холбохгүй байх жишээний.
 
Наанадаж, Улаанбаатар татах хэсгийн элс хатаах цехэд гэхэд л өдөржин, шөнөжин нүүрс шатааж байна. Гэтэл Замын-Үүд, Дархан татах хэсгийн элс хатаалтын цехүүд нь аль хэдийнэ шингэн түлшинд шилжжээ. Утааны асуудал нь гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлд байрладаг Улаанбаатар депогийнхоо элсний цехийг шингэн түлшинд даруй шилжүүлэх шаардлагатай.Цаашид парк шинэчлэхдээ түлшний элетрон системтэй зүтгүүр худалдаж авах тал дээр анхаарах гэх мэт хол ойрын бодох олон асуудал байж таарна.Нийслэлд утааа гаргаж байгаа төмөр замын харьяалалтай хэчнээн цэг байна вэ? Эдгээрийг ямар шат дараалалаар аль болох бага зардлаар хэрхэн өөрчлөх вэ? Гол нь, улсын нийслэлийг утаанаас салгах ажлыг төмөр замчид бусдыг үлгэрлэн түүчээлээсэй билээ.Бид чадна.
 
УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш