sonin.mn
ЛАГОС. /Xinhua/. Нигери улсын Борно мужийн зүүн хойд хэсэгт орших Ранн хот дахь дүрвэгсдийн хуаранг тус улсын агаарын цэргийн хүчний нисэх онгоц “андууран” бөмбөгдсөний улмаас 52 хүн амь үрэгдэж, олон хүн шархаджээ.
 
Амь үрэгдсэн хүмүүсийн дотор тусламжийн байгууллагын ажилтнууд байна. Улаан загалмайн нийгэмлэг мэдэгдэхдээ “манай зургаан ажилтан амь үрэгдсэн” гэв.
Бөмбөгдөлтийн үеэр 200 гаруй хүн шархаджээ.
 
Тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари сэтгэл санааны цочролд орсноо хэлэхийн сацуу тайван байхыг уриалсан байна. Тус улсын арми “Боко Харам” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг устгах цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.
 
"Андууран бөмбөгдсөн" хэрэг Камерунтай залгаа хилийн ойролцоо гарчээ. Энэ нутагт Нигерийн армийнхан босогчдыг устгах ажиллагаа явуулж байгаа юм.
Босогчидтой андууран дүрвэгсдийн хуаранд цохилт өгснөө армийн удирдлага хүлээн зөвшөөрсөн байна.
 
“Боко Харам”-ынхан дэлбэрэлт үйлдэж, хүмүүсийг олноор нь хөнөөж, охид эмэгтэйчүүдийг хулгайлах зэргээр Нигери улсад эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Тус бүлэглэлийнхний зорилго нь Нигерийн Засгийн газрыг түлхэн унагааж, лалын халифт улс байгуулах явдал аж.
 
 
Борооны улирал дууссаны дараа тус бүлэглэл сүүлийн хэдэн долоо хоногт давшилтаа эрчимжүүлсэн байна.
 
Өлсч үхэх эрсдэлд ороод байгаа нигеричүүдэд туслахад зорилгоор 1 тэрбум доллар хандивлахыг өнгөрсөн сард НҮБ олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
Босогчид хаясан дэлбэрээгүй бөмбөг байж магадгүй гэж болгоомжилсон тариачид сүүлийн гурван жилийн хугацаанд тариа тариагүйн улмаас тус улсын зүүн хойд нутгийн гурван мужид 5.1 сая орчим хүн хүнсний хомсдолд ороод байна.
 
Юуны түрүүнд, өлсч үхэхийн ирмэгт тулаад байгаа хүүхэд голдуу 100 мянга орчим хүнд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй болжээ. 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг