sonin.mn
Агаарын бохирдлын талаар мэдээлэл дамжуулдаг тоног төхөөрөмжийг нийслэлийн тодорхой цэгүүдэд байрууршуулж нийтэд мэдээлсээр хэдэн оныг үджээ.
 
Энэ үйл ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна. Агаарын  бохирдол ихтэйд тооцогддог  МҮОНРТ-ийн орчимд очлоо.  МҮОНРТ-тэй БГД-ын 11-р хороо хөршөө. 
 
Тус хорооны гуравдугаар  хэсэг Хувьсгалчдын Д-гийн "5-а" тоотод Ц. Дашдаваагийн  гурван хүнтэй хэвлэлийн эх бэлтгэдэг компани байрлаж байна. Тэднийх сүүлийн гурван жил 8х6 хэмжээний байшинг цахилгаанаар халааж байгаа аж. Сарын цахилгааны төлбөр нь 200.000-260. 000 төгрөг төлдөг. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд шөнийн цахилгааныг үнэгүй болгосноос хойш тооцоо хийж үзээгүй гэж байв. 
 
Тэрбээр манай энд цахилгааны хүчдэл муу үе үе унадаг. Энэ нь төлбөр өндөр гарах гол нөхцөл болоод байгаа юм. Уг байшинг худалдаж аваад гурван жил болсон гэлээ.
 
Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
 
-Байшингийн дулааны алдагдлыг тооцож үзэв үү?
 
- Суурь хана нь сайн баригдсан юм билээ. Гэхдээ давхарлана гэж тооцоод  таазандаа нүх үлдээсэн байдаг. Би ч худалдаж авахдаа давхарлана гэж тооцсон. Харамсалтай нь одоо болтол давхарлаж чадаагүй. Түүгээр бага зэрэг дулаан алддаг байх. Энд амьдардаггүй болохоор орой хамгаалалтаа өгчихөөд хаагаад явчихдаг өглөө ирхэд дулаан л байдаг. 
 
- Цахилгаанаар халах, нүүрс түлэх хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
 
- Ялгаатай. Манайхаас долоо хоногт хоёр шуудай хог гардаг. Орчин цэвэрхэн байх жишээтэй.  Нүүрс түлж байгаа нөхцөлд үнс нурам, тоос шороо ихтэй. Цахилгаан, нүүрс хоёрын хоорондын зөрүү бага байхад, орчноо цэвэрхэн байлгахын тулд цахилгаанаар халаалтаа шийдчих нь зөв л дөө. 
 
Ц. Дашдаваагийн хөрш "Хувьсгалчдын  Д-гийн "5-д"-д оршин суугч  Н.Хишигсүрэнгийнх  хашаандаа тохилог байшинтай ханын пийшинтэй, одоогийн байдлаар шөнийн үнэгүй цахилгаан  ашиглаж гэрээ халаагаагүй байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 400 мянган төгрөгөөр Шарын голын нүүрс худалдаад авчихсан. Энэ нүүрсээрээ Цагаан сар хүртэл буюу хоёрдугаар сарын 27-ныг хүргэнэ. Хавар 150 мянган төгрөгөөр нүүрс авч урин цагтай залгана гэлээ. Жилд  нүүрс, модонд  800-1 сая төгрөг зарцуулдаг. Тэрбээр хэн ч нүүрстэй зууралдахыг хүсэхгүй. Болж өгвөл цахилгаанаар халаамаар байна. Цахилгаан дамжуулах шугам ачааллаа даахуу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Төлбөрийн зөрүү бага байгаа тул нүүрснээсээ салаагүй байна гэлээ.   
Энд цахилгаанаар байшингаа халаадаг, нүүрс түлдэг энэ хоёр хөршийн байр суурь харилцан адилгүй ч өөр өөрийнхөө  хэрэглээ, оролцоог хамгаалж байна.
 
Агаарын бохирдол ихтэй Баянгол дүүргийн 11-р хорооны орчимд 50 кг шуудайтай нүүрс 4000 төгрөгөөр борлуулж байна. Гэртэй өглөө, орой, шөнө гурван удаа нүүрс хийдэг. Энэ бол ажилд явдаг энгийн өрхийн хэрэглээ. Харин гэртээ байнга хүнтэй байдаг айл өдөрт гурван хувин нүүрснээс ч илүү түлдэг аж.
 
Цахилгаанаар байшингаа халааж байгаа Ц. Дашдаваа, орчин цэвэрхэн байдаг гэж хэлж байхад, нүүрс түлж байгаа Н. Хишигсүрэн цахилгаан дамжуулах шугам сүлжээндээ эргэлзэж байв. Шөнийн цахилгааны үнэ чөлөөснийг  иргэд  маш их дэмжижи байна. Гэхдээ өөртөө ашигтай, нийгэмд тустай  хувилбарыг сонгох үйл ажиллаагаа удаашралтай байгаа нь ажиглагдсан.
 
Энэ Хорооны гурав дугаар хэсэгт 320 өрх байдаг.Тэднээс ердөө гарын арван хуруунд хүрэхтэй, үгүйтэй айл цахилгаанаар гэр, байшингаа халаадаг ажээ. Ийм байхад, агаарын бохирдол буурахгүй л дээ. Одоо яах вэ.
 
Г.Эрдэнэбат
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг