sonin.mn
МОСКВА./Pravda.ru/. Орчлонт ертөнцийн дотор өмнө нь тооцоолж байснаас 10-20 дахин илүү олон тооны галактик оршин байдгийг олон улсын одон орончдын нэгэн бүлэг тодорхойлжээ.
 
Үүнээс өмнө эрдэмтэд эрт үеийн орчлонт ертөнцөд галактикууд бий болох хурдыг буруу тооцоолж байсан байна. Энэ талаарх шинжлэх ухааны өгүүллийг удахгүй Astrophysical Journal сэтгүүлд нийтлэх ажээ.
 
Дээрх эрдэмтэд эрин үе бүрт хамаарах галактикийн нягтаршлыг тусад нь тоолж судалсан байна. Тухайлбал, Их тэсрэлтийн дараах эхний хэдэн тэрбум жилийн хугацаанд тухайн орон зайд өнөөдрийхтэй харьцуулахад 10 дахин илүү олон галактик байжээ. Тэдний ихэнх нь манай галактикаас хэмжээний хувьд бага байсан гэнэ.
Эдгээр хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр сүүлийн үеийн галактикуудыг нарийн тоолоход, бидний ажиглаж болохуйц орчлонт ертөнцөд 2 их наядаар тоологдох галактикууд байгаа ажээ. Өмнө нь, 100-200 тэрбум галактик бий гэж үзэж байсан юм.  
 
Нөгөөтэйгүүр, манай галактикийн зах хязгаарт орших олон тооны одод тухайн галактик дотор бий болоогүй, харин манай галактик тэдгээр оддыг зэргэлдээ орших жижиг галактикуудаас “хулгайлсан” гэж үздэг. Тодруулбал, манай Сүүн зам галактикийн хамгийн захад, дэлхийгээс 300 мянган гэрлийн жилийн зайд орших 11 одны 5 нь "хулгайлагдсан одод" болой.
 
“Эдгээр одод өвөрмөц маягийн “оддын горхи” үүсгэн, 1 сая гэрлийн жилтэй тэнцэх зайд сунаж байрлах бөгөөд манай галактикийн хил хязгаараас гарчихсан байдаг. Одоохондоо багавтар “оддын горхи”-нуудыг бид олж харж байгаа бол ирээдүйд “оддын бүхэл бүтэн голууд” үзэгдэх болно” гэж Харвардын их сургуулийн судлаач Марион Дирих ярилаа.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг