sonin.mn
Баянгол дүүргийн Хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсан. Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа юм.
 
НИТХ-ын Тэргүүлэгчдийн "Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" тогтоолоор энэ сарын 17-ны 18 цагаас 20-ны өдрийг дуустал Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.
 
Гэвч УБХЦГ-ын хяналт шалгалтаар ямар нэгэн шинжилгээгүй архи, согтууруулах ундаа га р дээрээс зөвшөөрөлгүй худалдан борлууах зөрчлүүд илэрчээ. Жишээ нь, Дархан-Уул аймгийн харьяат Б нь "+21" фэйсбүүкт " ...архи зарна" гэсэн зар байршуулж, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо "Анкара" зочид буудлын гадна бусдад 12 ширхэг "Смирнов" архи, нэг ширхэг "Скотт" виски зарж байсныг илрүүлэв. Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С нь "50 73 УБП" улсын дугаартай приус-20 маркийн машинтай "Улаанбаатар", "Чингис", "Сархад", "Соёрхол", "Гоулд Чингис" нэртэй 18 шил архи, "Сэнгүр" пиво 22 ширхэгийг зарж байхад, мөн дүүргийн 13 дугаар хороо "Хаанчлал" зочид буудлын захирал Б нь 4 шил "Соёрхол" архи, "Сэнгүр" пиво зарж байхад нь тус тус илрүүлэн Баянгол, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгалт үргэлжилж байна.
 
Иймэрхүү зөрчлийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэс дээр ажиллаж буй шуурхай штабт мэдээлэхийг УБХЦГ анхааруулав. Дүүрэг дэх цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаж, 175 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 3949 аж ахуйн нэгжид мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар айраг битүүмжилж, 33 шил архи, 40 шил шар айраг, нэг шил дарс хураан авч, тусгай зөвшөөрөлгүй 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн гар дээрээс согтууруулах ундаа зарах, зарахыг оролдсон зөрчлүүдийг арилгасан байна. Хэрэгт холбогдсон иргэдийг ч шалгаж байна гэж өнөөдөр УБХЦГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан  
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг