sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Дэлхийн дулаарлын тухай асуудлыг “зохиомол сэдэв” гэж үздэг Дональд Трампт төрийн эрхийг шилжүүлэн өгөхөөс гурав хоногийн өмнө буюу мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сан буюу Уур амьсгалын ногоон сангийн /Green Climate Fund/ дансанд 500 сая доллар шилжүүлжээ.
 
Тус санд 3 тэрбум доллар хандивлана гэж Ерөнхийлөгч Б.Обама 2014 онд амлаж байсан юм. Тэрбээр энэ амлалтандаа хүрэхийн тулд мягмар гарагт 500 сая доллар шилжүүлсэн байна.
 
Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэхдээ “Уур амьсгалын ногоон сан нь дэлхийн болон улс орны дотоодын аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй эрсдлүүдийг бууруулахын төлөө хүчин чармайлт гаргаж буй улс орнуудыг  дэмждэг” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Д.Трампыг тангараг өргөхөөс гурав хоногийн өмнө энэ мөнгийг шилжүүлсэн нь шинэ засаг захиргааг өдөөн хатгах гэсэн оролдлого огт биш” гэж дурдсан байна.
 
Д.Трампын засаг захиргаа АНУ-ын амласан мөнгөнөөс үлдсэн хэсгийг тус сангийн дансанд шилжүүлэхгүй байж магадгүй юм. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийг “урж хаяна” гэж сүрдүүлж байв.
 
Харин Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Трамп нэрийг нь дэвшүүлсэн Рекс Тиллерсон өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ “дэлхийн дулааралтай тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээний ширээний ард АНУ суух нь чухал” гэсэн билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг