sonin.mn
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсонтой “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн талаар санал солилцов.
 
Хотын Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, "Улаанбаатар хотын хувьд агаар, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Бид дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа боловсруулан төлөвлөсөн. Агаарын бохирдлыг бууруулах талаар Дэлхийн банктай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Өнгөрөгч хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд их байгаа. Тиймээс Дэлхийн банктай үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай байна” хэмээн онцлов.
 
Харин Жеймс Андерсон “Бидний хамтран хэрэгжүүлж буй хамгийн том төсөл бол “Улаанбаатар цэвэр агаар” төсөл юм. Дэлхийн банк Монгол Улстай 2005 оноос хойш цэвэр агаар, агаарын бохирдлыг бууруулах талаар хамтран ажиллаж байна. Улаанбаатар хот хүрээгээ тэлж, авто машины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг  ихэсгэж байна. Төслийн хугацаа ирэх зургадугаар сард дуусахаар байгаа. Хэрэв Дэлхийн банкны удирдлагын зүгээс хугацааг сунгах зөвшөөрөл өгвөл бид үргэлжлүүлэн ажиллахад бэлэн” гэлээ.  
 
 “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө үлдсэн учир  хугацааг сунгах боломжтой гэдгийг Дэлхийн банкнаас тодотголоо.
 
М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг