sonin.mn
МОСКВА./TASS/.Москва хотын И.М.Сеченовын нэрэмжит Эрүүл мэндийн 1 дүгээр их сургуулийн молекулын анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд үр тарианд агуулагддаг глютен бүхий хоол хүнсээр өдөөгддөг өвчнөөр /целиак өвчин буюу глютений өвчин/ шаналж буй хүмүүст зориулан ферментэн эм бэлдмэл гаргаж авчээ. 
 
 
Улаан буудайны фермент болох тритикаин-альфа нь глютений уургуудыг хүний биед амархан шингэдэг пептид болгон задалдаг байна. Молекулын анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд уг бэлдмэлийг биотехнологийн аргаар гарган авч патентжуулаад шахмал хэлбэрээр савлажээ. Уг эмийг хоол идэхийн өмнө ууж хэрэглэнэ.
Тус хүрээлэнгийн захирал Андрей Замятнины хэлснээр, шинэ эмийг клиникийн өмнөх туршилтад оруулаад байна.
 
Глютений улмаас хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагддаг эмгэг дэлхийн хүн амын 1 орчим хувьд нь илэрдэг ажээ. Уг өвчнийг анагаахын тулд 20 дугаар зууны дунд үеэс глютенгүй хоол хүнс хэрэглэх болсон байна. Европын орнууд болон АНУ-д “глютен агуулаагүй” гэсэн тусгай тэмдэглэгээг хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр тавьдаг болжээ.
 
Б.Адъяахүү   
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг