sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэлэхдээ “миний тангараг өргөх ёслолд уригдсан боловч түүнд оролцохоос татгалзаж байгаа хүмүүс тасалбараа буцааж өгөх нь зүйтэй” гэжээ.
 
“Ёслолд ирэхгүй хүмүүсийн тухайд бүх зүйл ойлгомжтой, учир нь бидэнд сул суудал тун их хэрэгтэй байна. Тэд ч тасалбараа буцаагаад өгчих байх гэж би найдаж байна” гэж Д.Трамп “Фокс нюьс” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
 
Трампыг эсэргүүцэж буйн илэрхийлэл болгож түүний тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ Ардчилсан намаас Конгресст сонгогдсон 38 хүн мэдэгджээ. Тогтсон уламжлал ёсоор, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүдийг уг арга хэмжээнд урьдаг байна.
 
Трампын бодож байгаагаар, түүний тангараг өргөх ёслолд дээд амжилт тогтоох хэмжээний олон хүн оролцох аж. Конгрессын ордноос Линкольны дурсгалын цогцолбор хүртэл үргэлжилдэг Вашингтон хотын төв өргөн чөлөөнд 3 сая орчим хүн цугларна гэж зохион байгуулагчид үзэж байна.
 
2009 онд Б.Обама тангараг өргөх үед уг газарт 1 сая 800 мянган хүн цугларч байсан гэдэг. Харин АНУ-ын тусгай албадын тооцоолж байгаагаар, Вашингтоны төвд 800-900 мянган хүн цугларах төлөвтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг