sonin.mn
Засгийн газрын хуралдаанаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих төсөл”-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хийсэн хяналт, шалгалтын дүнтэй танилцав.
 
Энэ дагуу:
 
-  Шаардлага хангаагүй нь тогтоогдсон ажлуудыг гэрээний дагуу бүрэн хийлгэж дуусгах,
 
-  Зураг төслийн дагуу хийгээгүй, дутуу болон чанаргүй 526, зураг төсөлд тусгагдаагүй боловч зайлшгүй хийх 114, ашиглалтын үед хийж хэрэгжүүлэх шаардлагатай 49, нийт 689 ажил дутуу байгааг гэрээний дагуу бүрэн гүйцэтгүүлсний  дараа Улсын комисс хүлээж авахыг үүрэг болгов.
 
Мөн холбогдох байгууллагаар хөндлөнгийн шалгалт хийлгэхийг Улсын комиссын дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд даалгав.
85 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 02-18-ны өдрүүдэд агаарын навигацийн үйлчилгээ, аэродром, авто замын байгууламж, хил хяналт, тусгай чиг үүрэг, барилгын хийц архитектур, эрүүл ахуй, цэвэр, бохир ус, эрчим хүчний хангамж, харилцаа холбоо, мэдээллийн технологи, механик, тусгай тоног төхөөрөмж, шатахуун хангамж, хөрөнгийн үнэлгээ чиглэлээр хяналт шалгалт хийсэн юм. 
 
Шалгалтад 30 гаруй барилга, 15 мянган метр инженерийн шугам сүлжээ, 825 автомашины зогсоол, гүүрэн гарц, шатахууны сумалгааны гидрант систем зэрэг барилга, байгууламж хамрагджээ.
 
Товчхон
 
-  Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Уг бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. 
 
-  Нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, олон тоогоор хорогдож байгаа тул яаралтай авах арга хэмжээний төсөв болох 447 287 250  /дөрвөн зуун дөчин долоон сая хоёр зуун наян долоон мянга хоёр зуун тавин /төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар  боллоо.