sonin.mn
Залуу судлаачдыг хамруулсан "АНУ-ын Зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.
 
Энэ үеэр Улаанбаатар бодлого судлалын төвийн зөвлөх М.Батчимэгээс Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
 
-Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацааг дүгнэж хэлвэл хоёр улсын харилцаа ямар түвшинд хүрсэн гэж үзэж байна вэ?
 
-Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн энэ оны нэгдүгээр сард тохиож байна. Монгол Улс гадаад бодлогодоо хойд, урд хоёр хөрштэйгөө харилцах харилцаагаа эн тэнцүү хөгжүүлэхийг тусгадаг. Гэхдээ манай орны хувьд гуравдагч хөршийн бодлого маш чухал. Ардчилсан улстөрийн тогтолцоотой, эдийн засгийн хувьд бие биенээ нөхөх боломжтой орнуудтай харилцахыг гуравдагч хөршийн бодлого хэмээн томъёолж ойлгодог. Иймд АНУ-тай харилцах харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч ирсэн.
 
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ялангуяа Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, ардчилсан төрийн тогтолцоог баталгаажуулахад АНУ-ын дэмжлэг туслалцаа их байсан. Цаашилбал манай улсын зэвсэгт хүчнийг шинэ шатанд хөгжүүлэх, ялангуяа олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох, ер нь аюулгүй байдлын салбарт АНУ-тай манай улс ойр ажиллаж ирсэн байдаг. 
 
-Манай улсын гэлтгүй дэлхийн эдийн засаг савалгаатай үед бид амьдарч байна. Энэ цаг үед хоёр орны эдийн засгийн харилцааг хэвээр хадгалах, улмаар өсгөх тал дээр манай улс ямар санаачилга гаргах нь зүйтэй вэ?
 
-Юуны түрүүнд дотоодын улс төр, эдийн засгийн бодлого тогтвортой байх ёстой. Ер нь улс хоорондын харилцаанд итгэлцэл чухал. Хөрөнгө оруулалт татахын тулд бидэнд ийм боломж байна, ийм тогтвортой хөрөнгө оруулалтын орчин байна гэдгээ харуулах хэрэгтэй. Гэтэл өчигдөр явуулж байсан бодлогыг өнөөдөр гарч ирсэн сайд, дарга өөрчилдөг, хөрөнгө оруулалтын орчин нь тогтворгүй, эдийн засгийн нөхцөл байдал нь эрсдэлтэй үед бусад орон, хөрөнгө оруулагчид манайд итгэл үзүүлнэ гэхэд хэцүү. Тиймээс үр дүнтэй гадаад харилцаа хөгжүүлэх суурь нь дотоодын засаглалаа сайжруулах, өөрт байгаа байгалийн баялагт тулгуурлан өсөлт хөгжилтийг хангах, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх явдал юм.
 
Өнгөрсөн жилүүдэд манай улсад олон хөрөнгө оруулагч орж ирсэн. Бүгд дотоод дахь тогтворгүй байдлаас болж үргээд гарсан. Тиймээс бид цаашид зөвхөн америк гэлтгүй бусад орнуудтай харилцах харилцааг идэвхтэй хөгжүүлье гэвэл дотоодын нөхцөл байдал дээрээ анхаарах шаардлагатай.
 
-Хоёр орны харилцааг харахад улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол гэсэн дөрвөн гол салбар дээр тогтож байна гэж хардаг. Бусад салбарын хөгжлийг бид орхигдуулаад байна уу. Судлаачийн хувьд та ямар бодолтой явдаг вэ?
 
-Энэ дөрвөн салбар бол суурь салбар. Улс төрийн харилцаа сайн, дээр нь эдийн засгийн хувьд суурь харилцааг хөгжүүлж байж бусад салбар нь дагаж хөгжинө. Өнөөдөр наад зах нь жуулчид ирэх сонирхол бага байна. Бусад чиглэлийн харилцааг хөгжүүлэх төсөв хөрөнгө, нөөц бололцоо гарч ирэхгүй байна.
 
-Энгийн иргэдийн зүгээс нэг л асуудал дээр анхаарал хандуулдаг. Тэр нь визний чөлөөлөлт байдаг? 
 
-Манайтай найрсаг харилцаатай байдаг орнууд бага багаар визний нөхцлөө хөнгөвчилсөөр байна. Жишээлбэл, АНУ гэхэд манай улсын иргэдэд 10 жил зорчих визийг нэг удаа олгодог. Тус улс нь терроризм, аюулгүй байдлын асуудлаас хамаараад визний тал дээр болгоомжтой ханддаг. Манай иргэд өөрсдөө визний зөрчилгүй, тогтвор суурьшилтай ажил эрхэлдэг, байнгын орлоготой, АНУ-д очоод хүлээж авах сургууль, ажлын байр нь бэлэн нөхцөлд бусад орнуудаас харьцангуй нааштай байр суурь баримтлахыг эрмэлздэг гэж би үздэг. Түрүүн хэлсэнчлэн бидний итгэл даах чадвар сайжрах тусам бидэнд визний таатай нөхцөл олгоод байна, дотооддоо тогтворгүй, эдийн засгийн чадваргүй болохын хэрээр визээ чангалаад л байна. Ерөөсөө өнөөдөр бид бүхий л түвшинд улстөрөө тогтворжуулах, засаглалаа сайжруулах, үүнээс үүдээд эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл үүнийгээ дагаад визний нөхцөл сайжирна.
 
-Д.Трамп Ерөнхийлөгчийн ажлаа авснаар манай улстай харьцах харилцаанд өөрчлөлт гарах болов уу?
 
-Өөрчлөлт орох эсэх нь Орос-Америк, Хятад-Америкийн харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ гэдгээс ихээхэн хамаарна. Энэ бүх харилцааны цаашдын өрнөл хэрхэн яаж өрнөх нь вэ гэдгийг харж байж дүгнэхээс өнөөдөр цочмог өөрчлөлт гарна гэж хэлэхэд эрт байна.
 
-Хоёр орны ирэх 30 жилийн харилцааны төлвийг хэрхэн харж байна вэ?
 
-АНУ шинэ ерөнхийлөгчөө сонгосны дараа олон улсын харилцаанд бүхэлдээ том өөрчлөлт гарч болзошгүй сонирхолтой цаг үед тулж ирсэн байна. Зүүн хойд Азид, тэр дундаа Монгол руу хандсан тэдний бодлогод ямар өөрчлөлт гарах нь вэ гэдгийг монголчууд бид ч анхаарч харж байна. Д.Трамп ажлаа хараахан аваагүй байна. Гэхдээ өнгөрсөн хугацааны бодлого, байр сууринд дээр тодорхой дүгнэлт хийхийг хичээж байна. Гэхдээ Ерөнхийлөгч Д.Трамп ажлаа аваад бодит байдалтай нүүр түлсны дараа асуудал илүү тодорхой том зургаараа харагдана.
 
-Өнөөдөр 10-аад залуу судлаач илтгэл тавьлаа. Ер нь илтгэлүүдийг харахад манай залуу үеийнхэн гадаад харилцаа тал дээр хэр мэргэшиж байна, юун дээр суралцмаар байна вэ?
 
-Өнөөдөр залуус дотоод, гадаадын сайн сургуульд сурч төгсөх болжээ. Олон улсын харилцааг сонирхдог залуус ч олширсон байна. Төрийн зүгээс судалгааны байгууллагуудаа дэмжиж, судалгааны ач холбогдлыг ойлгон шийдвэр гаргахдаа ашигладаг байх шаардлагатай. Тэднийг урамшуулдаг, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулдаг, дуу хоолойг нь сонсдог байх нь чухал байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг