sonin.mn
Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал түүхий нүүрсийг боловсруулж агаарын бохирдолтой тэмцэх талаар судалгаа хийжээ.  Түүнтэй ярилцлаа.
 
-Түүхий нүүрсийг боловсруулж хэрэглэх нь ач холбогдолтой юм.  Боловсруулах үйлдвэр манайд хэд байдаг вэ?
 
-Би энэ талаар олон жил судалгаа хийсэн. Гэр хороололд жижиг халаагуур, зуух тавиад утааны асуудал шийдэгдэнэ гэдэг үлгэр. Мөн нийслэлд түүхий нүүрс орж ирж байгаа цагт хэзээ ч утаа арилахгүй. Энэ асуудлыг бодлогын чанартай хэрэгжүүлэх нь чухал байна.    Нүүрсийг боловсруулна гэдэг нь  хорт нэгдлүүдийг угаагаад салгачихаж байгаа юм. Манайд энэ төрлийн үйлдвэр уул уурхайн хувийн компаниудад бий.  Бид Хятад руу ч зарим нүүрсээ боловсруулаад гаргаж байна.  Тэгэхээр нийслэлийн нүүрсний хэрэгцээний тодорхой хувийг угаасан нүүрсээр хангахад асуудал байхгүй. 
 
 -Таны судалгаагаар нийслэлд орж ирж буй нүүрсний хэдэн хувийг угаах боломжтой вэ?
 
- Томоохон цахилгаан станцад хэрэглэж буй нүүрсийг угаах хүчин чадал одоогоор бидэнд харагдахгүй байна.  Дөрөвдүгээр цахилгаан станц гэхэд өдөрт хэдэн зуун воган нүүрс хэрэглэж байгаа. Харин жижиг уурын зуух, нам даралт, гэр хорооллын хэрэгцээг угаасан нүүрсээр хангах боломжтой.  Хотын захдаа хэд хэдэн нүүрс угаах үйлдвэр бариад л энэ асуудлыг шийдэж болно. Ажлын байр ч нэмэгдэнэ. 
 
Агаарын бохирдлын  10 хувийг том станцууд бий болгож байна. Үлдсэн 90 хувийг гэр хороолол, автомашины утаа эзэлж байна.  Тэгэхээр боловсруулсан нүүрс хэрэглэснээр утаанаас 80 хувь гарах боломжтой. 
 
-Нүүрс л түлж байгаа юм чинь адилхан л утаа гарах байх даа?
 
-Тийм ээ. Гэхдээ хорт бодисуудыг нь угааж ангилж авсан уч­раас хар хүрэн утаа гарах­гүй.  Мөн хүний биед нөлөөлөх хоргүй болно.  Шингэн цэнхэр утаа бага хэмжээгээр гарна.
 
-Угааж ангилж үйлд­вэрт боловсруулж байгаа учраас угаасан нүүрсний үнэ нэмэгдэж мэднэ?
 
-Тийм шүү. Үүнд л төр засгийн бодлого хэрэгтэй.  Утааг бууруулахаар жилд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байна. Түүнийхээ тодорхой хувийг угаасан нүүрсний үнийг хөнгөлөхөд зориулж болно.  Ер нь энэ байдлыг төр засгийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх цаг нь болсон.  Тэгэхгүй хүн бүхэн янз янзын байдлаар ярьдаг.  Халаалт, утаагүй түлш л гэх зэргээр хувь хүний бизнесийг дэмждэг улс төр байж болно.  Эрдэмтдийнхээ үгийг сонсдог байх хэрэгтэй. Бидэнд  ямар нэгэн улс төр, бизнесийн эрх ашиг байхгүй.  Цэвэр шинжлэх ухаан онол судалгааны үндсэн дээр л энэ асуудлыг тавьж байна.
 
-Та цахилгаан станцын талаар бас нэгэн шийдлийг санал болгож байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
 
-Би Монголын нүүр­сэнд тохирсон экологийн цэвэр дулааны цахилгаан станц бий болгох талаар судалгааны ажил хийсэн. Энэ талаар бүх шийдэл  нь бэлэн болсон. Манай улсын газар нутгийн 70-80 хувь нь нүүрсний ордтой. Тэд бүгдээрээ эрчим хүчний зориулалттай нүүрс биш юм. Дулаан гаргах чадвар харьцангуй намдуу, чийглэг өндөртэй нүүрснүүд байдаг. Тиймээс тус нүүрсэнд тохирсон тусгай зориулалтын уурын зуухыг ОХУ-ын эрдэмтэнтэй хамтран бүтээгээд байна.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин