sonin.mn
Нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг БСШУСЯ-наас гаргасан. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг яаж зохицуулах талаар Нийслэлийн боловсролын газрын Орлогч дарга Ц. Отгончимэгээс тодрууллаа.
 
-Сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгасан. Цэцэрлэгийн хүүхдүүдийг түр хугацаа­гаар амраах уу. Эцэг, эхчүүд энэ талаар асууж өгөөч гээд байна?
 
-БСШУСЯ-наас цэцэрлэгийн хүүхэдтэй холбоотой сайдын тушаал гараагүй.  Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын  байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.
 
-Цэцэрлэгийн хүүхдүүд агаарын бохирдол, ханиад томуугийн өвчлөлд хамгийн их өртдөг. Гэтэл өвчтэй, ханиадтай гээд цэцэрлэгтээ яваагүй хүүхдийг хасна гээд байна гэх юм. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
 
-Сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүр хүртэх эрхтэй.  Хүүхэд удаан хугацаагаар өвчлөөд эдгэснийхээ дараа цэцэрлэгтээ буцаж орох эрх нь нээлттэй. Багш нар ч гэсэн сургалт хүмүүжлийн  үйл ажиллагаандаа хүлээн авч үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.
 
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгүүдэд ханиад томуугийн өвчлөл хэр байна?
 
-Сүүлийн хоёр долоо хоногт  ханиадны тархалт буурсан ч 8.6 хувьтай байгааг мэдээлсэн. Гэхдээ цэцэрлэгийн орчин дулаан, эрүүлжүүлэх шим тэжээлтэй хоол ундаар  үйлчилж байгаа учраас өвчлөлийн хувь багасч байна.
 
Ч.Давааням
Эх сурвалж:"Зууны мэдээ"сонин