sonin.mn
МОСУЛ. /Xinhua/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн гол түшиц газар болох Мосул хотын зүүн хэсгийг бүрэн хяналтандаа авсан гэж Иракийн засгийн газар мэдэгдлээ.
 
Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль Абади лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “сүүлийн хэдэн хоногт манай цэргүүд давшилтаа эрчимжүүлснээр томоохон ялалт байгууллаа” гэжээ.
 
Мосул хотын зүүн хэсгийг чөлөөлөхийн тулд АНУ-ын дэмжлэгтэйгээр Иракийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн 10 дугаар сараас эрчимтэй давшиж эхэлсэн юм. Тус хотын дундуур урсдаг Тигр мөрөн хотыг баруун, зүүн гэсэн хоёр хэсэгт хуваадаг ажээ.
Одоо Иракийн цэргүүд Мосул хотын баруун хэсгийг чөлөөлөхөөр давшиж байна.
 
Гэхдээ Мосулын баруун хэсгийг чөлөөлөх нь Иракийн армийн хувьд амаргүй байж магадгүй.Тус хот бол "Лалын улс"-ын санхүү болон улс төрийн гол түшиц газар юм.
Энэ хотыг Иракийн цэргүүд бүрэн чөлөөлөхөд хэдэн сарын хугацаа орж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг