sonin.mn
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг нийт 12 хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгийг хуралдааныг даргалагч танилцуулсан.
 
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах саналтай байгаагаа хэллээ.
 
Тус хуулийн өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Ганц нэг хүн асуудлыг шийддэгээс олуулаа зөвлөлдөөд шийддэг байх тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төслийг өгсөн мэдүүлсэн. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэж өгнө үү" хэмээн хариу тайлбар хийсэн юм.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Өнөөдрийн хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч хуралдааныг даргалагч хэлсэнгүй. Тиймээс энэхүү хуулийн төслийг яагаад татах болсноо иргэдэд сайн тайлбарлаж ойлгуулаарай. Миний өргөн барьсан Сурын тухай хуулийг хэлэлцүүлж өгөөч. Өмнөх парламентаар хэлэлцээд явж байсан хууль шүү. Эсвэл Эрдэнэтийн хөгжлийн сангийн тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй" гэв.
 
УИХ-ын дарга М.Энхболд үүнд нь "Өргөн барьсан дарааллын дагуу хуулийн төслийг оруулж ирж ярьж байгаа. Түүнээс хэн нэгний оруулж ирсэн хуулийн төслийг түрүүлж хэлэлцээд байгаа юм биш. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 30 гишүүн өргөн барьсан. Тиймээс эхлээд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг нь хийе. Хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж асуудлаа хэлж ярих хэрэгтэй" гэсэн тайлбарыг хийлээ. Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг гурван үндэслэлээр эргүүлэн татах болж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хандсан. Тиймээс өдөр 12 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж өгөөч" гэв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг