sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын хамгийн том конгломерат болох “Samsung” группын өв залгамжлагч И Жэ Ёныг баривчлах зөвшөөрөл өгөхийг хүссэн хүсэлтийг Сөүлийн шүүх хүлээн авсангүй.
 
2015 онд "Samsung"-ийн хоёр охин компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд түүний дотны найз Чой Сүн Сил-д И Жэ Ён хахууль өгсөн гэж прокурорууд үзэж байгаа юм. Уг мөнгийг Ерөнхийлөгч Пак болон Чой овогт нар хувааж авсан болохыг нотлох баримтууд прокуроруудад бий гэсэн мэдээлэл байна.
Шүүгчид баривчлах шалтгаануудыг судалж үзсэний үндсэн дээр “И Жэ Ёныг баривчлах шаардлагагүй” гэсэн шийдвэрийг өнөө өглөө гаргажээ.
 
Тус улсын прокуроруудын тусгай баг өнгөрсөн долоо хоногт И Жэ Ёныг 22 цагийн турш байцаасны дараа түүнийг баривчлах зөвшөөрөл олгохыг шүүхээс хүссэн юм.
Чой овогтын удирддаг байсан хоёр сан болон Герман дахь компани руу "Samsung"-аас хийсэн мөнгөн гүйлгээг прокурорууд шалгаж байна. Төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцож, ерөнхийлөгчид нөлөөлсөн гэж Чой овогтыг буруутгаж байгаа билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг