sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
 
Хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад орших юм.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Иргэдийнхээ нэрийг барьж янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг туршлага манайд байдаг. Санал асуулга явуулсан, санал өгсөн хүнд урамшуулал өгөх юм байна. Энэ хууль хэрэгжвэл орон нутагт улстөржилт явагдана. Түүний оронд Иргэний танхимаа ажиллуулаад явья. Бүх асуудлыг хуульчлаад байх хэрэггүй. Дэмжих боломжгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Би энэ хуулийн зарчмыг дэмжиж байна. Өнөөдөр шууд ардчилал хэрэгжихгүй байна. Гаднаас авч хуулбарласан нь манайд тохирохгүй байна. Зөвлөлдөх ардчилал бол шинэ тутам хувилбар. Олон талаас нь ярьж хэлэлцээд шийдэх нь зөв юм" гэв.
 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Хуулинд орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, хот суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт дээр санал асуулга явуулна гэж оруулж ирсэн байна. Үүний оронд боловсрол, эрүүл мэнд гэх зэрэг салбарт асуулга явуулдаг байх хэрэгтэй. Ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлаар асуулга явуулах нь зүйтэй юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Гантулга, "Засгийн газар татвар нэмнэ гэхэд гишүүд болгоомжлоод асуудлыг татчихсан. Гэтэл Засгийн газар алтанд татвар ноогдуулахаар оруулж ирсэн байсан. Орон нутагт ажиллах үеэрээ энэ талаар яриа хийхэд иргэд энэ татвар нэмэх асуудал чинь зөв байсан байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд мэдээлэлгүй байна. Зөвлөлдөх санал асуулгыг явуулдаг бол иргэд ингэж төөрөлдөхгүй" гэлээ. 
 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Хуулийн хувьд түүхий, ойлгомжгүй байна. Үүгээрээ ардчилал хөгжүүллээ гэвэл эндүүрэл. Орон нутагт судалгаа хийлгэе гэвэл хотоос судалгааны байгууллага аваачих нь ээ. Орон нутагт өнөөдөр ямар ч судалгааны байгууллага байхгүй. Хуулийн төслийг дэмжихгүй байна" гэхэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Үзэл баримтлалыг нь дэмжиж байна. Гэхдээ хуулийн хувьд дутуу байна" гэсэн юм.
 
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг