sonin.mn
Хятадын Шаньси мужийн Хэн Шань тосгоны ойролцоох уулнаас Юань улсын үеийн ханын зурагтай томоохон бунхан илрүүлсэн хэмээн тус мужийн Археологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Шин Фү Лай Хятадын хэвлэлүүдэд мэдээлжээ. 
 
Уг бунхан Гуаньжүн нутгийн Юань гүрний үеийн булшнаас ихээхэн ялгаатай, харин Шаньсигийн хойд хэсэг, Өвөр Монголын төв нутгаас олдсон Юань гүрний үеийн булштай төстэй гэнэ. Бунхныг Шаньси мужийн Юйлин хотын Хэн Шаниас илрүүлсэн бөгөөд чулуугаар өрсөн нэг өрөөтэй ханын зураг бүхий олдвор ажээ. Бунханы ханын зургуудаас гэр бүлийн зургаан хүн зэрэгцэн суугаад хооллож байгаа зураг нь гол бүтээл юм. Уг зурганд гэрийн эзэн голд нь сууж таван хатагтай гэрийн эзний хоёр талд хуваагдан суугаад хооллож байгааг дүрсэлсэн байна. Мөн урд хойд хананд гурван хөгжимчин, зүүн хананд нэг бөмбөрчин, хажуу талд нь нум сум агссан баатрыг зуржээ.
 
Эртний Юань гүрэн нь Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үргэлжлэл бөгөөд 1271–1368 онд өнөөгийн Монгол, Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан Монголын хаант улс юм.
 
 
 Б.Занданхүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг