sonin.mn
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр өндөрлөж, оролцогч талууд гарын үсэг зурлаа.
 
Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ), МҮЭХ 2017-2018 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилго бүхий энэхүү хэлэлцээрийг таван бүлэг 46 зааллтайгаар байгуулсан байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж чадахгүй тул ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох чиглэлд хэлэлцээрийн 50 хувь нь чиглэгдсэн гэдгийг гарын үсэг зурах ёслолын үеэр оролцогч талууд онцолж байлаа.
 
Мөн  цалин, нийгмийн даатгалын суурь бодлогыг шинэчлэх чиглэлд томоохон алхам хийхээр төлөвлөсөн байна. Хэлэлцээрийн хүрээнд оролцогч талууд хамтран Нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулах, ажилтны бүтээмж, ур чадварт тулгуурлан цалин нэмэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирсон гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэллээ.
 
Ажлын байр хадгалахаас гадна иргэдийн бодит худалдан авах чадварыг хангах нь чухал гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлсэн. Тэрбээр, “Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч төсөвт байгууллагууд ажилтнуудынхаа цалин урамшуулал, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бий. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд төсвөөс гадуур үйл ажиллагаанаас олсон орлогоо ажилтнуудынхаа цалинг нэмэх, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах боломжийг бүрдүүлэх талаар эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлд хэлэлцээрт оролцогч талууд хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
 
Харин МАОЭНХ-ны зүгээс тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалж буй буй аж ахуйн нэгжийг дэмжиж хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Ганбаатар, “Эдийн засаг хүндрэлтэй гээд хувийн хэвшил гар хумхиж суухгүй. Судалгаанаас үзэхэд өнгөрсөн онд хувийн хэвшлийн цалин 14 хувиар нэмэгдсэн байна. Энэ онд ч аж ахуйн нэгжүүд тогтвор сууршилтай ажиллаж буй чадварлаг ажилтныхаа цалинг нэмэх чиглэлд анхаарч ажиллана” гэлээ.
 
Гарын үсэг зурах ёслолын үеэр ХНХ-ын сайд хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нэн даруй боловсруулж, оролцогч талуудаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ