sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
 
Өнгөрсөн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан хуулиар харилцан адилгүй тогтоож ирсэн билээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9.1-д НИТХ 45 төлөөлөгчтэй байхаар заасан байна. ИТХ-ын төлөөлөгчдийн тоо Говь-Сүмбэр аймагт хамгийн бага буюу 17 байгаа бол бусад аймагт 31-41 байгаа юм. Сумдын ИТХ-ын хувьд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар заажээ.
 
ИТХ нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тиймээс хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох хэрэгтэй хэмээн Засгийн газар үзжээ. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарах юм. Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох”-ыг хориглосон. Тиймээс төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуулийн дээрх заалт хамаарахгүй байх зохицуулалтыг нэмэлтээр тусгасан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулав.
 
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн албыг улс төрөөс ангид байлгана гэж заасан. Энэ хуулийг баталснаар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй болох юм бишүү хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа тодруулав. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, “Төрийн ажлын туршлагатай хүн нутгийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ. ИТХ-ын төлөөлөгчдийг заавал төрийн алба хаш гэхгүй. Хуульд төрийн албанд ажиллаж болно гэсэн заалт оруулж байгаа. Ажиллах эсэх нь өөрсдийнх нь болоод орон нутгийнх нь сонголт” гэсэн хариулт өглөө.
 
Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай ч аймагтай ижил статустай гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа гишүүн хэлээд, “. ИТХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой харьцуулж тогтоохоор төлөвлөж байгаа бол эхлээд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах нь зөв” гэсэн санал хэлэв. Мөн Д.Гантулга гишүүн, “Боловсон хүчний дутагдалтай байдаг аймаг, сумдад ИТХ-ын гишүүд давхар төрийн албанд ажиллаж болно. Харин Улаанбаатар хотод боловсон хүчин хангалттай байдаг тул заавал НИТХ-ын төлөөлөгчийн төрийн албанд оруулах хэрэггүй” гэлээ. Түүнчлэн Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, С.Чинзориг нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг