sonin.mn
ВАШИНГТОН. /Telegraph/. Ерөнхийлөгчийн сонгуульд ялан америкчууд болон дэлхий дахиныг гайхшруулсан тэр мөчөөс хойш яг 10 долоо хоногийн дараа Дональд Трамп АНУ-ын 45 дахь  Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байна.
 
Тэрбээр Цагаан ордны тэргүүн Барак Обамагийн халааг авна.
 
Түүний тангараг өргөх ёслол болон энэ ёслолын үеэр хэлэх үг нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна.
Д.Трампын тангараг өргөх ёслол хаана, хэзээ болох вэ?
 
 
Д.Трампын тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны баасан гарагийн үд дундын үед болно.
Нийслэл Вашингтон хот даяар олон тооны арга хэмжээ болсны дараа гол ёслол Цагаан ордонд болох ажээ.
Албан ёсоор тангараг өргөх ёслол нь Конгрессын ордны өмнө болно.
 
Ерөнхийлөгчийн сонгууль болон тангараг өргөх ёслол цаг хугацааны хувьд хол зайтай байдгийн учир
 
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд  2016 оны 11 дүгээр сарын 8-нд ялсан хэдий ч нэгдүгээр сарын 20-ны үд дунд хүртэл түүнийг албан ёсоор ерөнхийлөгч гэж тооцохгүй.
 
1933 оныг хүртэл АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч сонгууль болсон өдрөөс дөрвөн сарын дараа тангараг өргөдөг байжээ. Харин XX дугаар нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталснаар сонгууль болсноос хойш 2 сар гаруйн дараа тангараг өргөдөг болжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон тангараг өргөх ёслолын хоорондын хугацаа нь халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгчид хийж дуусгаагүй ажлаа гүйцээх, мөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид өөрийн багийг бүрдүүлж, засгийн эрхийг авахад бэлтгэх боломжийг олгодог байна.
 
 
Гэхдээ хамгийн гол шалтгаан нь сонгуулийн дүнг баталгаатай болгох явдал юм.
 
11 дүгээр сарын 8-нд олон нийт саналаа өгдөг. Гэхдээ тэдний сонгосон хүн шууд ерөнхийлөгч болчихно гэсэн үг биш. Ерөнхийлөгч болгох хүсэлтэй байгаа нэр дэвшигчээ дэмжих “төлөөлөгчид”-ийг америкчууд өөрсдөө сонгодог.  Эдгээр төлөөлөгчдийг “төлөөлөн сонгогчид” гэдэг. Тухайн муж улс хэр олон хүн амтай байна төдий чинээ олон төлөөлөн сонгогчтой гэсэн үг. Хамгийн олон төлөөлөн сонгогчдын санал авсан хүн сонгуульд ялдаг. Сонгуульд ялахын тулд наад зах нь 270 санал авсан байх шаардлагатай.
 
Техас муж улсын төлөөлөн сонгогчдын саналын хуудсыг тоолсны дараа сонгуульд хэн ялах нь тодорхой болсон юм. Тодруулбал, Д.Трамп төлөөлөн сонгогчдоос авсан байх шаардлагатай 270 саналын босгыг давснаар ялалт байгуулсан билээ.
 
Д.Трамп 304 төлөөлөн сонгогчийн санал авсан бол түүний өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон 227 санал авсан байна. Долоон төлөөлөн сонгогчийн саналын хуудсыг хүчингүйд тооцжээ.
 
Сонгуулийн дүнг Конгресс нэгдүгээр сарын 6-нд баталгаажуулсан юм.
 
Тангараг өргөх ёслолын өмнөх өдөр
 
Тангараг өргөх ёслолын өмнөх өдөр буюу орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 19-нд Д.Трамп,  дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пенс нар Арлингтоны үндэсний оршуулгын газарт очиж, цэцэг өргөнө. Үүний дараа Линкольны дурсгалын цогцолборт “Америкийг дахин аугаа болгоцгооё” тоглолт болох ажээ.
 
Тангараг өргөх
 
 
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны үд дунд тангараг өргөнө.
АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс Конгрессын ордонд болон тангараг өргөх ёслолыг удирдах юм.
 
"Дональд Трамп миний бие АНУ-ын Ерөнхийлөгчийн  үүргийг  чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглая. Бурхан намайг ивээх болтугай!"...Энэ бол Д.Трампын хэлэх тангаргийн үг.  
 
Д.Трамп тангараг өргөхийн өмнө шинээр сонгогдсон дэд Ерөнхийлөгч Майк Пенс тангараг өргөх ажээ.
 
Тангараг өргөсний дараа үг хэлэх
 
 
Тангараг өргөснийхөө дараа Д.Трамп үг хэлнэ. АНУ-ын өмнөх төрийн тэргүүн нарын адилаар тэрбээр тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ түүхийн хуудсыг эргэн сөхөж магадгүй.
 
АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн тангараг өргөснийхөө дараа товчхон үг хэлэхдээ “хэнд ч өш саналгүйгээр бүгдийг энэрэн хандъя” гэж байв. Тухайн үед Америкт иргэний дайн ид өрнөж байсан юм.
 
Д.Трамп ч мөн адил тэдний жишгээр маш товч үг хэлж магадгүй. Хэрвээ тэрбээр Б.Обамагийн жишгийг дагавал 20 минутын хугацаанд үг хэлнэ гэсэн үг.
 
Халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд оролцох уу?
 
 
Халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгч залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцох нь уламжлал болсон хэдий ч заавал оролцох ёстой гэсэн үг биш. Б.Обамагийн хувьд Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцож магадгүй. Хэрвээ Б.Обама оролцохгүй бол сүүлийн 96 жилийн түүхэнд залгамжлагчаа “үл ойшоосон” анхны ерөнхийлөгч болно.
 
Энэ хоёр эрхэм таагүй харилцаатай байсан юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп “Обама бол Америкт төрөөгүй. Хууль ёсны ерөнхийлөгч биш” гэж байв. Бүр сүүлдээ Б.Обамаг “Лалын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулагч гэж цоллож байсан юм. Мөн Д.Трамп “тангараг өргөснийхөө дараа миний хамгийн түрүүнд хийх ажлуудын нэг бол Б.Обамагийн нөлөөг арилгаж, түүний засаг захиргааны үед баталсан хэрэггүй хууль журмуудыг цуцлах явдал юм” гэж байв.
 
Үүнээс гадна тэрбээр Б.Обамаг “гамшиг”, “манай улсын түүхэн дэх хамгийн увайгүй, мэдлэггүй ерөнхийлөгч” гэж нэг бус удаа тодорхойлж байсан юм.
Харин Барак Обама түүнийг “хариуцлагагүй бөгөөд аюултай хүн” гэж тодорхойлоод, “дэлхийн хувь заяа Д.Трампын засаг захиргааны үед эрсдэлд орох аюул нүүрлээд байна” гэж хурцаар шүүмжилж байсан билээ.
 
 
Гэхдээ тэд харилцан бие бие рүүгээ дайрч, шүүмжилж байсан хэдий ч сонгуулийн дараа уулзаж, төрийн эрхийг шилжүүлэх асуудлаар яриа өрнүүлсэн билээ.
 
Тангараг өргөх ёслолд хэн хэн оролцох вэ?
 
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон, Жимми Картер нар тэргүүн хатагтай асан Лора Буш, Хиллари Клинтон болон Розалин Картер нарын хамт Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцохоо мэдэгдээд байна.
 
 
Д.Трамп сонгуульд ялснаасаа хойш өрсөлдөгч Хиллари Клинтонтой анх удаагаа нүүр тулж уулзах гэж байгаа нь энэ юм.
АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч болох эцэг Буш хатгаа тусан Хьюстон хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна.
 
Цагаан ордныг хүлээлгэн өгөх
 
 
Нэгдүгээр сарын 20-ны өглөө Барак Обама Цагаан ордонд сэрэх бол орой нь Д.Трамп шинэ гэртээ анх удаагаа унтаж амарна.
Төрийн эрхийг шилжүүлэн өгөхтэй зэрэгцээд Цагаан ордон ч агшин зуур өөрчлөгддөг.
 
Тангараг өргөх ёслол болж байх зуур Цагаан ордны ажилтнууд Обамагийнхны эд зүйлсийг баглаж ачаад, дараагийн ерөнхийлөгчийн амьдрах өрөө болон ажлын байрыг засч янзална.
 
Харин маргааш өглөө нь буюу нэгдүгээр сарын 21-ний өглөө Д.Трамп Цагаан ордны шинэ өргөөнөөс ажлаа хийхээр ордны баруун жигүүр рүү явна.
Эмэгтэйчүүдийн жагсаал
 
 
Нэгдүгээр сарын 21-ний бямба гарагт АНУ даяар “Эмэгтэйчүүдийн жагсаал”  зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг жагсаалд оролцохоо мэдэгдэн 200 мянган хүн гарын үсэг зураад байна. Энэ жагсаалын зорилго  нь  “Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх” гэдгийг АНУ-ын шинэ засаг захиргаа болон дэлхий дахинд ойлгуулах явдал ажээ.
 
 
Г.Доржханд