sonin.mn
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 19-нд эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг шинээр тохижуулж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.
 
Тус эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, байгууллагын соёлыг эрхэмлэсэн эрүүл мэндийн байгууллага болохоор ийнхүү санаачлага гарган ажиллаж байна. “Байгууллагын соёл”-ын хүрээнд ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байсан 16 метр квадрат өрөөнд “Барилгачин залуучуудын холбоо” ТББ-тай хамтран 5.5 сая төгрөгийн иж бүрэн засвар тохижуулалт хийн, зүрхний болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын дараах эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулж уг хүлээлгийн өрөөг бий болгов.
 
 
Тус өрөөнд үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх LCD дэлгэц, лавлагаа авах зориулалт бүхий дотуур утас байршуулсан байна. Мөн мэс засал, эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчдийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд тогтмол хүргэх зорилгоор 2-4 давхрын нийтийн эзэмшлийн хэсгүүдэд цахим мэдээллийн дэлгэц дөрөв, урсдаг зарын самбар хоёр, мэдээллийн самбар долоог байршуулан, шилэн эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байгаа аж.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг