sonin.mn
Дэлхийн 30 гаран орны төр засгийн өндөр албан тушаалтнууд, БНХАУ-д суугаа элчин сайдын яамны дипломатчид болон аж ахуй нэгжийн төлөөлөл зэрэг 200 гаран төлөөлөгч оролцсон “Торгоны замын ач холбогдол”сэдэвт БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын 4-р их хурал энэ сарын 16-17-ны өдөр Бээжин хотноо болж өндөрлөлөө.
 
Манай улсаасЗам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат тэргүүтэй Монгол улсын ЗТХЯ, ГХЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЭХЯ, МХЕГ, Шадар сайдын ажлын алба, МҮХАҮТ зэрэг яам агентлагийн болон ТББ, аж ахуй нэгж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидоролцов.
 
Энэхүү хурлын зорилго нь БНХАУ-ын дарга Си Жин Пиний дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгын ач холбогдлыг дэлхий нийтэд сурталчилан таниулах, тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх явдал юм.
 
Мөн энэ үеэр БНХАУ-д суугаа МУ-ын ЭСЯ-ны байранд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт” болж өнгөрсөн бөгөөд тус уулзалтын үеэр БНХАУ-ын “Хятадын Маомин этилен үйлдвэрлэлийн групп”-ээс санаачлан дэвшүүлж байгаа “3+2” төслийг танилцуулсан юм. Энэхүү төслийн гол санаа нь Монгол-Хятад-ОХУ гурван улсыг өндөр хурдны галт тэрэг, өндөр хурдны авто замаар холбох явдал юм.
 
 
 
Тус хурлын талаар Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат “Торгоны замын ач холбогдол сэдвийн дор болж буй энэхүү хөрөнгө оруулалтын уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна.
 
Энэ чуулга уулзалтаар манай талаас МУ-ын “Талын зам” болон Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийгтанилцууллаа. Гурван улсын эдийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахын тулд бид бүхэн өөрсдийн боловсруулсан төсөл, ТЭЗҮ-ээ танилцуулж, хөрөнгө оруулалтыг татах, улмаар бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр Хятадын талтай хоёр талын болон гурван талын уулзалтуудыг амжилттай хийж байна. Улмаар бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаж эхлүүлж, манай засгийн газар энэ дөрвөн жилдээ зарим төсөл, хөтөлбөрүүдийг дуусгахаар зорин ажиллаж байна.
 
Мөн бид бүхэн “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай санхүүжилтийн асуудлаархоёр талын уулзалтыг амжилттай хийлээ.“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны удирдлагууд МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно гэдгээ илэрхийллээ. Мөн бид Замын үүд-Алтанбулаг чиглэлийн автозамыг хэсэгчлэн сайжруулж засна. Эхний ээлжинд УБ-Дархан чиглэлийн 235 км авто замыг дөрвөн эгнээтэй цемент бетонон хучилттайгаар барихаар төлөвлөөд, урьдчилсан ТЭЗҮ-г манай үндэсний компани боловсруулж байна”гэв.
 
БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг “ Энэ удаагийн хөрөнгө оруулалтын уулзалтын ач холбогдол нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг сэргээх,хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг сайжруулах болон гурван талын томоохон төслийг хэрэгжүүлэх эхлэл болно гэж харж байна. Тэгэхээр бид энэхүү төслийг Засгийн газар болон УИХ-даа танилцуулна. Хоёр талаас аль болох хурдан хэрэгжүүлэх саналтай байгаа. Хятадын талын компанийн өгсөн мэдээллээр энэхүү төсөл нь үндсэндээ гурван жилийн хугацаанд хэрэжих боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.
 
 
Бээжин хот. А.Анхбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг