sonin.mn
Төвбанк эдийн засгийн нөхцөл байдал болон 2016 оны статистик үзүүлэлтийг танилцууллаа.
 
Өнгөрсөн оны 12 дугаар сарын Монголбанкны гаргасан статистик үзүүлэлтээр  дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн дефляци зогсож, инфляци 1.1 хувьтай гарсан байна. Харин хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын хувьд  жилийн инфляци 0.5 хувьтай гарлаа. Ийнхүү  дефляцийг сөрсөн инфляци 1.1 хувьтай  гарахад мах, махан бүтээгдэхүүний үнэ 0.45 нэгж хувиар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлснийг Олон нийтийн боловсрол, мэдээлийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл онцолсон юм.
 
 
Түүнчлэн статистик үзүүлэлтээр дефляцийг сөрөхөд махны үнэ хүчтэй нөлөөлсөн хэдий ч хүнсний бус инфляцийн бууралт үргэлжилсээр байгаа аж. Махны үнийн өсөлт тогтворжвол инфляци  оны хагас хүртэл харьцангуй доогуур түвшинд байх хүлээлт байна.
 
Инфляцийн задаргаа:
 
 
 
 Өнгөрсөн оны эцсээр ипотекийн зээлийн үлдэгдэл дөрвөн их наяд төгрөгт хүрч   89156 хүн зээл авчээ. 12 дугаар сард нийт 75.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны  51.1 тэрбум төгрөг нь хөтөлбөрөөс санхүүжсэн бол 24.5 тэрбум нь банкуудын өөрийн эх үүсвэрээс гарчээ. 12 дугаар сард 1 224 хүн ипотекийн зээл авсан дүн мэдээ байна. Харин арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт хэмжээ 1.047 их наяд төгрөгт хүрчээ. Ам.долларын сарын дундаж ханш 12 дугаар сард 2482.57  төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар саарсаныг албаныхан хэллээ. Ипотекийн чанаргүй зээл  1.4 хувийг эзэлж байгаа аж. Харин хугацаа хэтэрсэн зээл 2.5 хувьтай байна. 
 
Ипотекийн зээлийн мэдээлэл:
 
 
Өнгөрсөн 12 дугаар сард Төвбанк 189 сая ам.доллартай тэнцэх валютыг зах зээлд нийлүүлжээ. Харин мөнгөний нийлүүлэлт 2016 оны эцэст өмнөх оны мөн үеэс 2 их наяд 25 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ. Түүнчлэн ам.долларын ханш өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар суларсан байна. 12 дугаар сарын байдлаар ам.долларын дундаж ханш 2,482.57 төгрөгтэй тэнцлээ.
 

2017 онд Монголбанк валютын дотоодын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Энэ хүрээнд валютын зах дээр нэгдсэн платформ байгуулах ажлын хэсэг гарч, судалгаа хийж байгааг танилцууллаа. Валютын захад нэгдсэн платформтой болсноор ханшийг огцом хөөрөгдөх,  савалгаа үүсэхгүй гэдгийг Төвбанкнаас мэдэгдлээ.

 

 

Төвбанкны өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Төвбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав, Зах зээлийн газрын Дотоод зах зээлийн хэлтсийн захирал Б.Батбаатар, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан  нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
 
 Энэ үеэр МОНЦАМЭ агентлаг дараах асуултад хариулт авсан юм.
 
-Хятадтай хийсэн своп хэлцлийн хугацаа энэ онд дуусч байна. Одоо ОХУ-тай своп хэлцэл хийх талаар ярилцаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
- Монгол банк Хятадын ардын банк хооронд 2011 онд  своп хэлцлийг байгуулсан. Энэ хэлцлийн хугацааг 2014 онд сунгасан бөгөөд дахин сунгах хэлэлцээрийг энэ онд хийх юм. ОХУ-д манай улсын иргэд визгүй зорчдог болсон учир ОХУ-тай своп хэлцэл хийх талаар ярилцаж байна. Нэг иргэн дунджаар худалдаа наймаа хийхийн тулд  ОХУ руу 1000 ам.доллартай гарч байна гэж тооцвол өдөрт 500 машинаар тооцоход тус улс руу нэг өдрийн дотор 2 сая ам.доллар гарах юм.  Тэгэхээр бид ОХУ-ын Төв банкинд своп хэлцэл байгуулах асуудлыг тавьж байгаа. Ингэснээр хоёр улсын иргэд өөрийн орны мөнгөн дэвсгэртээ авч яваад тухайн улсын банкаар солиулах боломж бүрдэх юм.
 
потекийн санхүүжүүлэлтийг эрх үүргийнхээ хувьд Монголбанк шийдэж, хэрэгжүүлэх нь хэр оновчтой хувилбар вэ?
 
 -Ер нь ипотекийн хөтөлбөрийг аливаа улс оронд Засгийн газар нь хэрэгжүүлдэг, Засгийн газрын хөтөлбөр байдаг. Гэхдээ бид шинэ мөнгө хэвлэх, шинээр мөнгө нийлүүлэхгүйгээр эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа учраас зөв механизм юм. Гэхдээ удаан ингэж явж болохгүй. Ер нь Засгийн газар санхүүжилтээ өөр дээрээ татаж авах ёстой.
 
 -2017 онд инфляцийг 8 хувьд барина гэсэн. Энэ хэмжээнд барих боломжтой юу.  Дефляци  эдийн засагт хэр халтай вэ?
 
- Инфляцийг 8 хувьд барих боломж бий. Дефляци бол их муу үзэгдэл. Тийм учраас бид дефляциас гарах, зохистой хэмжээний инфляцитай байх ёстой .
 
-2016 оны хувьд валютын ханш нэлээн хэлбэлзлээ. Харин ирэх онд ханш хэр тогтвортой байх төлөв байна вэ?
 
-Төвбанкны үндсэн зорилт валютын ханшийн дээш, доош  сулрал чангаралтаас илүүтэй валютын зах дээр огцом хэлбэлзэл үүсэхэд үүнийг бууруулах тогтворжуулах чиглэлээр ажиллаж ирсэн.  Энэ утгаараа 7 хоногт зах дээр үүсч буй хэлбэлзэл эрэлт нийлүүлэлтийг тодорхойлж валютын ханшийн хэт их савлагааг бий болгохгүй байхад анхаарч ажиллаж байна. Ер нь ханш Монгол Улсад байгаа валютын нөөцөөр тодорхойлогддог. Аливаа улс оронд дор хаяж гурван сарын импорттой тэнцэх хэмжээний нөөцтэй байх ёстой. Одоогийн байдлаар Монгол Улс  5 сарын нөөцтэй байна.  Аливаа улс орон валютын нөөцөө хамгаалах ёстой.
 
-ОУВС-гийн Стэндбай хөтөлбөр эдийн засагт нэлээн хувь нэмэр оруулна гэсэн хүлээлт байгаа.  2009 оны эдийн засгийн хямралын үед ОУВС-ийн “Стэнд Бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгөн дүнгээс 10-20 дахин их санхүүжилт шаардаж байгаа гэсэн. Тус сантай хийж буй хэлцлийн явц ямар байгаа вэ?
 
-Өмнөх хөтөлбөрийн санхүүжилтээс 10-20 дахин их мөнгө шаардагдахаар байгаа. Энэ нь гадаад өр төлөхтэй холбоотой өссөн гэж хэлж болно. Хэлцэл үргэлжилж байгаа.  
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг