sonin.mn
Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо 10 дугаар сард болох “Дэлхийн ур чадвар-2017” олимпод оролцогсдыг сонгох зорилготой “Монгол Ур чадвар-2016” улсын уралдаанаас мэргэжил тус бүрээр нь шилдэг хоёр оролцогчийг шалгаруулж өнөөдөр батламж гардууллаа.
 
Тэмцээний эхний шатанд  аймаг, нийслэлийн  мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн оюутнууд оролцсон бөгөөд хоёрдугаар шатанд гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, өрөлт угсралт гэсэн таван мэргэжлээр өрсөлджээ.
 
 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нээж хэлэхдээ, “Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс хоёр дахь жилдээ оролцох гэж байна. Тус тэмцээний гол ач холбогдол бол Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн  төвийн багш, суралцагчдын ур чадвар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэдэг юм. Манай залуусын ихэнх нь их, дээд сургуульд сурч байж сайхан амьдарна гэсэн үзэлтэй явдаг. Гэтэл эсрэгээрээ их, дээд сургууль төгссөн залуусын 70 хувь нь ажилгүй байна.
 
Харин бодит байдал дээр МСҮТ-д бэлтгэдэг мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Энэ жил Мэргэжлийн сургалт, боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэнэ. Шинэчилсэн найруулгаар ажил олгогчдын саналын дагуу сургалтаа явуулж, төгсөгчдийг шууд ажлын байраар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ. Түүнчлэн сургалтын төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх буюу  тэтгэлэг, зээлд хамрагдах систем рүү явна. Мөн  албан байгууллагууд захиалгаа өгч тухайн суралцагчийн сургалтын төлбөрийг  төлж, ажилтнаа бэлтгэх боломжийг нээнэ” гэлээ.
 
 Шалгарсан шилдэг оролцогчид ирэх долдугаар сар хүртэл Монголдоо болон Герман улсад бэлтгэл сургууль хийсний дараа ур чадвар, эрүүл мэнд, англи хэлний мэдлэгийг үндэслэн Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн орох нэг оролцогчийг сонгох бөгөөд тэмцээнд  76 улс оролцохоор бүртгүүлжээ.
Манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн бөгөөд 2015 онд анх удаа нийт есөн мэргэжлээр  оролцжээ.
 
 
Гагнуурын мэргэжлээр Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Д.Нямрагчаа, Техник технологийн дээд сургууль /ТТДС/-ийн оюутан Жанлав-Ойдов, Мужааны мэргэжлээр ТТДС-ийн оюутан Н.Эрдэнэмөнх, Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн оюутан Э.Бат-Орших; Сантехникийн чиглэлээр Ховд Хөгжил Политехникийн коллежийн оюутан Ц.Долгормаа, ТТДС-ийн оюутан Б.Нямдорж; Цахилгааны мэргэжлээр Налайхын МСҮТ-ийн оюутан Ж.Уранцэцэг, Дорнод полетехникийн коллежийн оюутан Б.Баянбаатар, Өрөг угсралтын чиглэлээр Барилгын Политехник коллежийн оюутан Ц.Мягмарсүрэн, Дорнод МСҮТ-ийн оюутан Х.Мөнхжаргал нар тус тус шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөхөөр боллоо.
 
Тэргүүн байранд шалгарсан оюутнууд ийнхүү ярьж байна.
-Мужааны төрөлд Тэргүүн байр эзэлсэн Техник, технологийн дээд сургуулийн оюутан Н.Эрдэнэмөнх:
 
 
-2014 онд Ур чадварын тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарч байсан. Дэлхийн  ур чадварын тэмцээнд 21 нас хүртлээ оролцох боломжтой  учир энэ жилийн тэмцээнд би дахин өрсөлдсөн. Өмнөх жилүүдтэй харьцуулбал оролцогчдын чадвар сайжирч, өөрсөлдөөн ихтэй байсан. Өмнөх туршлагатаа суурилан Дэлхийн  ур чадварын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.
 
-Сантехникийн төрөлд Тэргүүн байр эзэлсэн Ховд аймгийн Политехникийн коллежийн оюутан Ц. Долгормаа:
 
 
- Юуны өмнө надад тусалж, дэмжсэн  багш нар, сургуулийнхандаа талархал илэрхийлье.  Би өмнөх жил Ховд аймагт зохион байгуулсан  “Монгол Ур чадвар” тэмцээний тэргүүн байрт шалгарсан юм. Энэ тэмцээнд оролцох бэлтгэлээ есдүгээр сараас эхлэн базаасан. Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголынхоо нэрийг гаргахын тулд хичээнэ гэдгээ хэлье.
 
М.Аминаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг