sonin.mn
Гурван америк хүний хоёр нь экс ерөнхийлөгч Барак Обамагийн хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд сайн дүн тавьсан байна. Тус судалгааг “CBS” телевизээс явуулжээ.
 
Судалгаанд оролцогчдын 62 хувь нь “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа болох 8 жилд улс орон, засгийн газрыг сайн удирдсан” гэж хариулсан байна. Эдгээр иргэдийн 55 хувь нь түүнийг “Сайн ерөнхийлөгч" гэсэн бол 30 хувь нь “Маш сайн ерөнхийлөгч байсан” гэж дүгнэжээ.
 
Барак Обамаг АНУ-ын иргэдийн 58 хувь нь одоог хүртэл дэмжсээр байгаа юм. Анх ерөнхийлөгчөөр сонгогдох үед түүний ретинг одоо байгаатайгаа бараг адилхан байсан ба ерөнхийлөгчийн ажлаа өгөх үедээ ийм өндөр ретингтэй байсан хоёрхон ерөнхийлегч /Билл Кпинтон, Рональд Рейган / түүхэнд байдаг.
Түүний дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг, цэрэг, технологи гээд хамгийн хамгийн бүхнийг өөртөө байлгадаг улсын ерөнхийлөгчөөр ажилласан 8 жилийн хугацаандаа юу хийсэн болохыг тоймлон хүргэе.
 
ЭДИЙН ЗАСАГ
 
2009 оноос эхлээд АНУ-ын эдийн засгийн өсөлт эрс буурсан боловч Европын орнуудыг бодвол зогсонги байдлаас хурдан гарч чадсан. Барак Обамагийн хувд Конгресстай хамтран ажилласны хүчинд хямралд өртөөд байсан авто үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан. Өнөөдөр хүртэл аж үйлдвэрлэлийн үзүүлэлт байнга өссөн дүнтэй гарсаар байна. Хөдөлмөрийн зах зээл өнгөрсөн онуудад бас л өсөлттэй гарсан. Учир нь сүүлийн 75 сарын турш шинэ ажпын байр бий болсоор байгаа бөгөөд нийтдээ 11 сая ажлын байрыг шинээр гаргаж чадсанаар ажилгүйдэл 5 хувь хүртэл буурсан нь бас нэг ололт юм.
 
Зарим эдийн засагчид шинээр бий болж буй ажлын байр нь түр хугацааны буюу доод түвшнийхэнд зориулсан гэж шүүмжилдэг боловч иргэд талархалтай хандаж байна.
 
ЭРҮҮЛ МЭНД
 
Барак Обама өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт “Обама-Кейр” хэмээх өөрчлөлтийг хийснээр АНУ-ын ихэнх иргэд эрүүл мэндийн даатгалтай болсон. Түүнээс өмнөх ерөнхийлөгчид олон удаа эрүүл мэндийн шинэчлэлт хийхийг оролдож байсан боловч амжилтад хүрч чадаагүй юм. Харин Обамагийн үед Конгресс эсэргүүцэж байсан ч эрүүлийг хамгаалахын шинэчлэлийг явуулсан.
 
2010 онд эхэлсэн түүний шинэчлэлийн хүчээр 10 сая америк хүн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдлаа гэж Ерөнхийлөгчийн зөвлөгч тайландаа дурджээ. Үүний зэрэгцээ, 2008 оноос хойш гурван сая хүүхэд эмнэлгийн даатгал авчээ. Гэсэн ч энэ хуулийг шүүмжпэгчид их хэмжээний зарлага бий болголоо гэж үзсээр байгаа юм.
 
ЦАГААЧЛАЛ
 
Ерөнхийлөгч болохоосоо өмнө Обама Латин Америкийн нийгэмлэгт шинэчлэл амласныг хоёр нам дэмжсэн түүхтэй. Гэтэл 2010 онд Конгресст Бүгд найрамдахчууд олонхын суудлыг авснаар шинэчлэл явуулах асуудал нь маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн хэдий ч Обама хууль бус цагаачдын 40 хувийг албадан буцаах ажиллагаанаас чөлөөлүүлж чадсан юм. Deferred Action for Childhood Arrivals (DACA) гэх ганцхан хөтөлбөрийн хүрээнд гэхэд АНУ-д үр хүүхдийн хамт очсон хууль бус цагаачид түр хугацааны амьдрах эрх авчээ. DACA хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь хагас сая залууст тус болсон байна. Харин одоо энэ хуулийг Дональд Трамп зогсоож магадгүй юм.
 
ХҮНИЙ ЭРХ
 
Обамагаар овоглосон найман жилд цөөнхийн тэгш эрхийн асуудал хурцаар яригдаж, олон өөрчлөлт гарсан. Гэхдээ үндэстэн ястнуудын хоорондын харилцаа сайжирсангүй. Цагаан ба хар арьстнуудын боловсрол, ажлын түвшин зэрэгцэж ирсэнгүй. Арьсны өнгөний асуудал хэвээр үлдэв. Арьсны, өнгөөр ялгаварлах, тэднийг илт гадуурхах, биед нь гэмтэл учруулах, цаашлаад амь насанд нь халдсан гэмт хэрэг түүнийг ерөнхийлөгч байх үеэр нилээдгүй гарч, нийгэмд их шүүмжлэл дагуулсан юм.
 
Харин ижил хүйстнүүдийн гэрлэлт Обамагийн санаа бодлыг өөрчилсөн. Эхлээд энэ асуудлаар эсрэг байр суурьтай байсан ч, түүний бодол өөрчлөгдсөн ба  одоо АНУ-ын ямар ч мужид хүйс хамааралгүйгээр хэн нь  ч хэнтэйгээ гэрлэх эрхтэй.
 
ГАДААД БОДЛОГО
 
АНУ Афганистан, Иракийн дайныг эхлүүлсний дараа сонгогдсон. Тэрбээр AНУ-ын дипломат харилцааны итгэлийг  сэргээж, улс орныхоо  имижийг сайжруулахаар багагүй оролдсон ч бүтэлтэй болоогүйг шинжээчид хэлж байгаа.
 
Обама Афганистан, Ирак дахь ажиллагааг хумин, цэргийнхээ ихэнхийг гаргасан ч Аль-Каидатай хийх тэмцлээ зогсоогоогүй. Бен Ладенийг устгасан ажиллаггааныхаа төлөө тэр магтаал их сонссон ч Ливи, Сирид явуулсан ажиллагаандаа шүүмжлүүлсэн юм.Ливид эвслийн холбоотнуудынхаа  хамт Каддафийн дэглэмийг унагасан ч тус орныг асуудалд оруулаад үлдээсэн. Лалын улс бүлэглэлийн нөлөөг бууруулахын төлөө ажиллаагүй гэж Обамаг шүүмжилдэг. 
 
Ерөнхийдөө түүний гадаад бодлого болон олон улсын түвшинд амжилт олж чадаагүй хэмээн ажиглагчид үзсэн. Хамгийн сүүлд өнгөрөгч оны сүүлээр ОХУ-ын 30 гаруй дипломатчийг гэр бүлийн хамтаар Америкаас албадан гаргасан явдал нь нэлээд маргаан дагуулсан. Харин энэ асуудлаар ОХУ-ын зүгээс ямар нэг мэдэгдэл гаргаагүйн дээр Оросын ерөнхийлөгч В.Путин “Энэ талаар ярих зүйл байхгүй. Бид шинэ ерөнхийлөгчтэй нь илүү хамтран ажиллах учир жижиг зүйлээр оролдохгүй” хэмээн мэдэгдсэн явдал нь түүнийг Путинд ялагдсан мэтээр бичихэд хүргэсэн юм.
 
Гэсэн хэдий ч Обамад ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа гаргасан том дэвшил бий. Үүнд Иран улстай цөмийн тохиролцоонд хүрч чадсан явдал юм. Тегеран цөмийн программынхаа хүрээг багасгаснаар барууны орнууд Ираны эсрэг авч байгаа хориг арга хэмжээнүүдээ зөөлрүүлсэн билээ. 50 жил үргэлжилсэн Куба, АНУ-ын дайсагналцал ч мөн үгүй болж Обамагийн тусламжтайгаар хоёр улсын харилцаа сэргэж харилцан элчин сайдын яамдаа нээсэн юм. Нэгэн зүйлийг тодотгоход Барак Обамаг ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхад Нобелийн Энх тайвны шагнал өгсөн нь нүдээ олсон хэрэг эсэхэд одоо ч олон хүн эргэлздэг.
 
MIGnews.com
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин