sonin.mn


“Бизнес таймс" сонин улсын хэмжээнд цагийн тооллыг урагшлуулж, зун болон өвлийн хуваарьт шилжиж, монголчууд өглөө эрт босдог болж, түүнийгээ ажил, амьдралдаа хэвшүүлье гэсэн санал санаачлага гарган тухайн үеийн төр, засагт уламжилж, олон түмнийг уриалж байсан. Нэг, хоёр жилийн өмнө хэлж ярьж байсан дээрх зүйл өдгөө ажил хэрэг болон эхэлж, шинэ Засгийн газар үүнд онцгой анхаарал тавьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бас өөр нэмж хэлэх зүйл байна аа... Төрийн захиргааныхан ажлаа өглөө 08.00 цагт эхлүүлж, сургууль, соёлын газрууд мөн цагт үүдээ нээж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцээд дэлгүүр, хоршооноос аваад үсчин, банк, худаг, усан сан (ялангуяа гэр хороололд) зэрэг худалдаа, үйлчилгээний газрууд мөн хэдэн цагт хаалгаа нээж байгаа вэ гэдэг асуудал болоод байна. Бас нэг анхаарч хэлэх юм гэвэл ОСГ-ны хороо, хориноос эхлээд иргэдэд хамгийн ойр байх ёстой төрийн үйлчилгээнийхэн оршин суугчдынхаа ажил, амралтын өдөртэй уялдуулан ажлын хуваариа зохицуулж ажиллах шаардлагатай байгааг хүмүүс хэлж байна. Учир юу гэвэл хороо хорины ажил өглөө эрт гараад орой тарж ирдэг оршин суугчдын ажилтай давхцан адилхан өрнөдөг тул хүмүүс хороогоороо орж амждаггүй учир дутагдал байсаар байна. Тиймээс ядаж хорооныхон бямба гаригт зөрж ажиллаад байж болохгүй юу гэж хүмүүс асууцгааж байна. Ингэвэл төрийн ажил ёстой иргэддээ ойртож, хүртээмжтэй болохсон гэцгээж байна.


Эх сурвалж:”Бизнес Таймс”