sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компани дахь “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг төрийн өмчид авах асуудлыг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг чуулганы хуралдаанд оролцуулах саналтай байгаагаа хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүсэлтийн дагуу хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэв.
 
Тэрбээр, "УИХ гэдэг бол Монголын төлөө зөвшилцдөг газар. Ер нь монголчууд бие биенээ дэмжих учиртай. Бие биенээ маажаад урагшлахгүй. Асуудлыг УИХ бүрэн эрхээ баталгаажуулаад эхний асуудлаа болгож ярих байсан. Энэ удаагийн УИХ хамгийн хурдан хугацаанд бүрэлдсэн байдаг. Гэтэл долоон сарын дараа эл асуудлыг ярьж байна. УИХ  "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх байсан. Бүх талаас нь нийт ард түмнийхээ өмнө ярих хэрэгтэй байв. Гэтэл нээлттэй сонсгол хийсэнгүй. 
 
Эрдэнэт үйлдвэр 1978 онд нээлтээ хийж, 30 жил ажиллана хэмээн тооцоолж байсан. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Есөн жил илүү ажиллажээ. Энэ үйлдвэрт 6000 хүн ажиллаж байна. Үүний цаана тэдний гэр бүлийнхэн нь бий гэвэл олон хүний амь амьдрал яригдана.
 
Одоо энэ үйлдвэрт шинэчлэл хийх цаг нь болжээ. Үйлдвэрийн дансыг шилэн болгох хэрэгтэй. Өнөөдөр та бүгд хариуцлага ярьж байна. Та нар гарч ирээд хуулийг сонгож хэрэглэдэг болсон. Шилэн дансны хуулийг 60 хувь нь хэрэглэхгүй байна. Уг нь "Эрдэнэт үйлдвэр"-т жил бүр олон улсын жишгийн дагуу аудит хий гэж шаардах ёстой. Зэс хайлуулах үйлдвэр байгуул гэж шаардах ёстой. "Эрдэнэт үйлдвэр"-ийн баялаг дууссан үед дараагийн үйлдвэр байгуулах асуудлыг ярих ёстой.
 
Би Монголынхоо төлөө санаа зовсондоо энэ хуралдаанд оролцож байна. Шударга ёс тогтоож байгаагаа ярьж байна. Дэлхий нийт Монголын төр, хувийн өмчийг нийгэмчиллээ гэж ярина. Олон улсад өнөөдөр иргэд мөнгөө хандивлаж байгаа тухай бичиж байна. Үүнийг дэлхий нийт монголын коммунистууд өмчийг нийгэмчилж байна гэж бичнэ. Үүнээс болж энгийн иргэд хохирно. Хохирсоор ирсэн. Улс төрийн өнцөг бий. Намрын чуулган дуусахаар сонгогчидтойгоо уулзана. Тэгэхээр төр өмчөө авлаа гэж ярих гэж байгаа. Дараа жил ард түмний амьдрал улам л дордоно. Иргэний хөрөнгийг булааж авч байгааг хараад гадныхан сэрэмжилнэ.Нэг хүний толгойд буруу бодол орж ирж болно. Энэ нь Монголын төрийн шийдвэр байж болохгүй.
 
Та нар 65-уулаа. Олуулаагийн зовлон бий. Олон хүн ажилд оруулна гэж амалсан. Ингэж л эрх баригчид балардаг. Шийдлийн хувьд юу байж болох вэ гэдэг дээр хэлье. 49 ба 51 хувийн талууд уулзаж ярьж болно. Мөн ямар хууль зөрчсөн болохыг холбогдох хуулиараа шийдэж болно. УИХ бол шүүх биш. Үүний цаана эхнээсээ атаархал, улстөр, нэг төрлийн бизнес яваа. Хорин жил шахаа хийсэн хүмүүст хэцүү байгаа байх. Өмнө нь байсан олон зүйл илэрнэ эсвэл дахин шахаа гарч ирнэ гэж бодож байгаа байх. Тийм зүйл байхгүй.
 
Хоёр улсын Засгийн газар хуйвалдана гэж байхгүй. Монголын бизнесмэн 49 хувийг аваад иржээ. Өмнө нь төмөр замыг өөрсдөө аваад яв гэхэд чадахгүй гэсэн байдаг. Тэгж л бид өөртөө итгэлгүй байж. Одоо Оюутолгойн 66 хувийг аваад ир гэвэл би дэмжинэ.
 
Та бүхний гаргаж байгаа шийдвэр Монголын хөгжлийг боосон шийдвэр болно. Энэ шийдвэр Монголын сайн сайхныг хорьсон шийдвэр байх болно. Шийдвэрээ бодох хэрэгтэй. Тал талаасаа ярих хэрэгтэй гэж хэлэхээр чуулганы хуралдаанд орж ирсэн юм" гэлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг