sonin.mn
АН-ын 7-р их хурал дээр З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Ардчилсан хувьсгалын тугийг өргөж боссон, ялалт амжилтад бүхнийг зоригжуулан зохион байгуулж, манлайлан удирдаж ирсэн ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч  ардчилсан үзэл баримтлалын  торгон цэрэг журмын нөхөддөө энэхүү хүндэт индэрээс баяр хүргье.
2016 оны 12-р сарын 06-ны өдөр Ардчилсан намын 6-р их хурал хуралдсанаас хойш 68 хоног өнгөрчээ.
Энэ хугацаанд Ардчилсан нам бүх нийтийн анхаарлын төвд ямагт  байж,“Модот уул”-аас “Алтай таван богд”, “Монгол шарын даваа”-наас “Орвог гашууны бор толгой” хүртлэх Монгол орныхоо 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж, Ардчилсан намын шинэчлэлийг  үргэлжлүүлж, биечлэн  оролцсон 85 мянган гишүүнээ төлөөлөн  Их хуралдаа хүрэлцэн ирсэн  та бүхэндээ баярлалаа.
 
Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа дүгнэлт хийж намын шинэчлэл төлөвшлийн шинэ эринийг эхлүүлж, шинэчлэгдэж байгаа Ардчилсан намаа  дараагийн удирдлагадаа шилжүүлэх түүхэн  үйл явдлын  оролцогч, төлөөлөгч та нартаа баяр хүргье.
6-р их хурлаас 7-р их хурал хүртлэх 2 сарын хугацаанд Ардчилсан намын шинэчлэлийн талаар товчхон мэдээлэл өгөе.
1.Ардчилсан нам түүхэндээ анх удаа Намын даргаа бүх гишүүдээсээ сонголоо. Энэ сонголт нь Монгол Улсын улс төрийн намуудын түүхэнд шинэчлэлийг авч ирлээ. АН-ын даргыг сонгох сонгуульд нэр дэвшиж намын төлөвшил, бэхжилтэд хувь нэмрээ оруулж гишүүдийн итгэлийг сэргээж, хүч хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулсан нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нартаа талархал илэрхийлье.
2.Ардчилсан нам фракци, бүлэглэлийн барьцаанаас өөрийгөө чөлөөлж чадлаа. Бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, хүний нөөцийн томилгоо хийхээс эхлээд намынхаа хурлыг хийхэд хүртэл фракцитай зөвшилцөж тэдний эрх ашигт нийцүүлэхээс өөр аргагүй байдалд ордог, Тэдний эрх ашигт нийцэхгүй бол асуудлыг шийдвэрлэх ирц хүрэхгүйд хүрдэг байдлаас Ардчилсан нам салж чадлаа.
Энэ удаагийн Их хурлын зардлыг фракц бүлэглэл, олигархиуд, оффшорчдоос авахгүйгээр, нийт жирийн гишүүдийн хандиваар бүрдүүлсэн гэдгээ хэлэхэд таатай байна. Их хуралдаа хандив өргөсөн нийт гишүүддээ баяр хүргэе.
3.Ардчилсан Нам анх удаа гишүүдийн нэгдсэн цахим бүртгэлийн сантай боллоо. Орон даяар Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэлийг хийж чадлаа. Намын гишүүний шинэчилсэн бүртгэлд 138 мянган гишүүн хамрагдсан байна. Намын гишүүдийн нэгдсэн цахим бүртгэлтэй болсоноор намын дотоод сонгууль ил тод нээлттэй явагдах суурь тавигдлаа. Удахгүй болох анхан шатны байгууллагуудын даргын сонгууль, Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд идэвхитэй оролцохыг намын нийт гишүүддээ уриалж байна.
4.Ардчилсан нам үүд хаалгаа нээж чадлаа.Намын анхан ба дунд шатны байгууллагыг өөрийн хүрээллийн хэдхэн хүнээр бэхжүүлж, үүд хаалгаа хаадаг тогтолцоо  өнөөдрөөс эхлэн нуран унаж байна. Ардчилсан нам шинэчлэлийг ингэж эхлүүлж, ардчилал шинэчлэлийн  үлгэр дуурайлал болж ирсэн урьдын ололт, гайхамшигтай  туршлагаа дахин давтлаа. Энэ шинэчлэлийг хийж чадсан нийт гишүүддээ баяр хүргье. 
5.Ардчилсан намын дотоод сонгууль нээлттэй, ил тод болж чадлаа. Гишүүдийн нэгдсэн бүртгэлээ хийж, дотоод сонгууль саналын эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг төв намаас баталж өгдөг болсон нь анхан ба дунд шатны намын байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлж, сонгуулийн үеэр элдэв булхай, зөрчил, гарахаас сэргийлсэн чухал ажил боллоо. Цаашид бүртгэлээ улам сайжруулах, саналын эрхтэй гишүүний тухай асуудлыг гишүүдэд ойлгуулах талаар хийх ажил их байгааг эрхэмлэх нь чухал байна.
6.Ардчилсан намын дүрмийн шинэчилсэн төслөөр намын дарга, аймаг дүүрэг, сумын дарга, үндэсний бодлогын хорооны гишүүнийг бүх гишүүдээсээ сонгодог болсон нь гишүүдийн оролцоо эрхийг нэмэгдүүлж, улс төрийн намын гишүүн бүрийн хариуцлагыг урьд өмнөхтэй харьцуульшгүй  томоохон шинэчлэл боллоо. Намынхаа шинэчлэлийн төлөө идэр есын жавар, их ажлын ачааллыг үл хайхран хамтдаа зүтгэсэн Ардчидсан намын мянга мянган гишүүд, бүх шатны намын байгуулагууд, намын даргын сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн ерөнхий болон салбар хорооны бүрэлдэхүүнд  баярласнаа илэрхийлье. 
7.Нэгдэж, Шинэчилж, Шинийг санаачилж чаддаг, Офшорчид, олигархиудаасаа салж чадсан АН-ын гишүүддээ баяр хүргэе.
Ардчилсан намын гишүүний хувьд би цаашид намаа дахин эрх баригч нам болж, улс орноо хөгжүүлэх гол улс төрийн хүчин болгохын төлөө бүх хүчээ дайчлан та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно гэдгээ амалж байна.
Намын гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон С.Эрдэнэд баяр хүргэж, амжилт хүсье.