sonin.mn
ЧЕЖҮ. /Енхап/. Өмнөд Солонгосын төрийн өмчит Чэжүгийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын аялал жуулчлалын нэгэн агентлагтай байгуулсан хамтын ажиллгааны хэлэлцээрийн хүрээнд Монголд хоёр явган аяллын зам тавьж, энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгөхөөр болжээ.
 
Энэ тухай БНСУ-ын  аялал жуулчлалын хамгийн том арал болох Чэжү арлын  "Чэжү Олле" явган замыг хариуцдаг “Чэжү Олле” сан мэдэгдлээ.
 
"Монголын Олле" буюу Монголд явган зам тавих төслийг “Чэжү Олле” сан болон Чэжүгийн аялал жуулчлалын байгууллага нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын газар ба Аялал жуулчлалын холбоотой хамтран хэрэгжүүлэх аж. Замыг энэ оны  зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд хүлээлгэн өгнө.
“Чэжү Олле" сангийн мэдээлснээр, Монголын байгалийн үзэсгэлэн, хүн ард болон соёлыг мэдрэх боломжийг аялагчдад олгох зорилгоор эдгээр замыг тавих бөгөөд түүний тэмдэг, тэмдэглэгээ нь "Чежү Олле" явган замынхтай ижил төстэй байх юм.
 
14.5 км урт эхний явган зам нь Улаанбаатар хотын захад байрлах монгол гэрээс шороон замаар ой мод хүртэл үргэлжлэх бөгөөд аялагчид энэ замаар явган аялангаа Монголын үзэсгэлэнт байгаль, соёлыг сонирхох боломжтой.
 
11 км үргэлжлэх хоёр дахь явган замаар аялангаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлын цахим хуудсанд “Монголын хамгийн үзэсгэлэнт парк” хэмээн онцолсон Тэрэлжийн үндэсний парк дахь монгол гэрт буудаллаж болно.
 
"Чэжү Олле" сан  нь “Поннанг” аяллын компанитай хамтран Монгол дахь явган аяллын замын нээлтэд оролцох хүсэлтэй жуулчдад  5 хоногийн аяллын хөтөлбөрийг санал болгожээ.
 
Гэрээний дагуу "Чэжү Олле" сан Монголын явган аяллын маршрут, зам засварын гарын авлага болон дагалдах тоног төхөөрөмжийн зааварчилгааг улам боловсронгуй болгоход туслах юм.
 
Өмнөд Солонгосын өмнөд арлын дагуу 422 км үргэлжлэх “Олле” явган аяллын замыг 2006 онд тавьжээ. “Олле” гэдэг нь Чэжүгийн эртний аялгаар "гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам" гэсэн утгатай үг ажээ. /2017.02.13/
 
 
Г.Доржханд  
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг