sonin.mn
Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-ы хамтарсан баг Хөвсгөл аймаг дахь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцахаар Улаанбаатараас хөдөллөө. Тус анги нь гэрээт хилчид болон ахлагч, офицероос бүрдсэнээрээ онцлогтой бөгөөд Хөвсгөл аймгийн хилийн хэсгийн ОХУ-тай хиллэсэн газрыг хариуцан хамгаалдаг юм байна.
 
Үүнд ой тайга, өндөр сарьдаг уулс, түргэн урсгалт уулын голууд, намаг ихтэй газарт үүрэг гүйцэтгэдэг учраас техник хэрэгсэл ашиглах боломж муутай. Тиймээс ихэвчлэн уналгын морь, өвлийн цагт чарга, зарим тохиолдолд цаа ашигладаг хэмээн тус ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр ярьж байсан. Мөн энэ үеэр тус ангийн дэргэд гардан тулааны “Тайгын нударга” клубын нээлт боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн ОБГ-ын дарга Г.Нэргүй болон бусад хүчний байгууллагын удирдлагууд, заставын дарга нар оролцсон юм. Энэ үеэр гэрээт хилчид, ахлагч, офицерын нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг талаар Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяраас тодрууллаа.
 
Ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр: УНАЛГЫН МОРЬД ХЭРЭГТЭЙ БАЙНА
 
-Манай ангийн нэг онцлог нь офицер, ахлагч нарын гэр бүлийн асуудал. Зарим нь хилийн суманд амьдардаг ч тэднийг ажлын байраар хангах, хүүхдүүдийнх нь сургуулийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс бид Хөвсгөл аймгийн удирдлага, сум орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж офицеруудынхаа гэр бүлийг ажилтай байлгах талаар нэлээд ажлыг зохион байгуулсан. 2014, 2015 онд аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран ажилласны үр дүнд зургаан заставын 10 гаруй эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоор 17 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлээд байна.
 
Мөн бие бүрэлдэхүүнийхээ зарим нэг эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, эмнэлэг рүү явахад нь тусламж үзүүлэх зорилгоор бие бүрэлдэхүүний дунд “1000 төгрөг” гэсэн аяныг өрнүүлсэн. Одоогоор амьдралын хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэр бүл, эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүдэд хоёр сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Энэ онд бид аймгийн удирдлагуудтай ярьж байгаад таван сая төгрөгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Мөн гэрээт хилчдийнхээ алба хаах, амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
 
Цагаан хадны болон Ханхын хилийн заставт гэрээт хилчдийн байрыг шинээр ашиглалтад оруулсан. Өнөөдөр хил хамгаалах байгууллагаас гэрээт хилчдийн албанд тавьж буй шаардлагын дагуу тохижуулж алба хаах нөхцлийг нь сайжруулаад байна. Цаашид хил хамгаалах чиглэлээр нэлээд ажил хийнэ. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй хилчид 10-14 хоногоор байгалийн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Хилчдийнхээ үүрэг гүйцэтгэх гол хүч болох уналгын морьдоо нэмэгдүүлэхэд орон нутагтай хамтарч ажиллаж байгаа. “Нэг мянга, нэг агт” хөдөлгөөнийг Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулсны үр дүнд өнгөрсөн онд 180 гаруй адууг орон нутгийн иргэдээс хүлээн авч хил хамгаалалтад ашиглаж байна. Үүнийг энэ онд үргэлжлүүлэн явуулна. Өнөөдрийн нөхцөлд уналгын морьд хамгийн их хэрэгтэй байна гэв.
 
ХЭЭРИЙН БОЛОН ГЭРЭЭТ ХИЛЧИД, АХЛАГЧ НАРААС БҮРДСЭН САЛБАР
 
Хамтарсан багийнхан болон Хилийн 0257 дугаар ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга, хошууч Л.Очирсүрэн, тус ангийн Соёлын төвийн дарга, соёл сурталчилгааны ажилтан, ахлах дэслэгч Б.Нямсайхан нартай Баянзүрх сумыг зорьсон юм. Энд Хилийн 0232 дугаар салбар байдаг бөгөөд гэрээт хилчин, ахлагч, офицероос бүрджээ. Тус салбар нь 1979 онд байгуулагдсан ба 38 дахь жилдээ дархан хилээ хамгаалж байгаа бөгөөд гурав дахь удаагаа тэргүүний хамт олон болсон арвин туршлагатай. Хээрийн онцлог нь байгаль, цаг уураас шалтгаалж даваа гүвээ, уул устай, бартаа ихтэй. Ялангуяа, зун, өвлийн улиралд манаанд явахад хүндрэл их учирдаг ажээ.
 
Энэ салбар гэрээт хилчидтэй. Мөн ээлжийн зохион байгуулалттай харуулын үүрэг гүйцэтгэж байна. Гэрээт хилчдийн ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор өөрсдийн боломжоор албаны байраа орон сууц болгон шинэчилж, өнгөрсөн жил ашиглалтад оруулжээ. Нэг өрөөнд дөрвөн гэрээт хилчин байдаг бөгөөд цалингаа нийлүүлэн хивсээр өрөөгөө тохижуулсан байв. Хилийн 0232 дугаар салбарын захирагч О.Мөнгөн хэлэхдээ “Манайд авьяаслаг гэрээт хилчин олонтой. Тэднийгээ сонирхлынх нь дагуу хөгжүүлэхийг боддог. Гэрээт хилчид анх ирэхдээ хуулийн дагуу хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулдаг.
 
Цалингийн хувьд гар дээр нь 20, үлдсэн хувийг дансанд нь хийж гэрээ дуусахад дансанд байршуулсан мөнгөө авч нийгмийн асуудлаа шийдвэрлэдэг. Хугацаа дууссан тохиолдолд дахин сунгаж болно. Гэрээтээс ахлагч, ахлагчаас офицер болох боломжтой. Эсвэл гэрээтээсээ сургуульд яваад 4-5 жил суралцаад офицер болж болно. Манай гэрээтүүдээс хоёр нь Хууль сахиулах их сургуулийн Хилийн ангид орсон. Цаашид ахлагч болох сонирхолтой гэрээт хилчид бий. Хэрэв сайн ажиллавал ахлагчийн эгнээнд оруулдаг” гэв.
 
 
Гэрээт хилчдийн чөлөөт цаг.
 
 Энэ үеэр Харуулын дарга, ахлах ахлагч Ц.Чулуунбаяр, гэрээт хилчин Н.Батзаяа нарын сэтгэгдлийг сонирхсон юм.
 
Харуулын дарга, ахлах ахлагч Ц.Чулуунбаяр:17 ЖИЛ ЭХ ОРНЫХОО ХИЛИЙГ МАНАЖ БАЙНА
 
-Би 1989 онд Дарханы Барилгын цэргийн 017 дугаар ангид хоёр жилийн алба хааж ирээд 2000 он хүртэл малчин явж байгаад хилийн цэрэгт орсон. 17 жил эх орныхоо хилийг манаж байна. Хилийн цэрэгт орсноороо бахархаж явдаг. Нэг хүү, гурван охинтой. Хүү маань хилийн цэргийн ахлагч цолтой. Манай гэр бүлийн хүн энд халуун усны эрхлэгч, оёдолчин мэргэжилтэй. 2000 онд анх хилийн цэрэгт ороод марш тактикийн тэмцээнд орж тэргүүн байр эзэлснээс хойш 2013 он хүртэл тасралтгүй ангиа төлөөлөн оролцож тэргүүн байрыг олон жил авсан. Одоо хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна. Хүүдээ мэргэжлээ өвлүүлнэ гэсэн бодолтой байна. 
 
Гэрээт хилчин Н.Батзаяа: ЦЭРГИЙН АМЬДРАЛ ХҮНИЙГ ХАТУУЖИЛТАЙ БОЛГОДОГ
 
-Гэрээт хилчин болсноор найз нөхөдтэй болж, багаар ажиллах чадвартай, хүнтэй хэрхэн зөв харилцах, харьцааны соёл, сурлага, мэдлэгийг олж авсан. Ер нь цэргийн амьдрал хүнийг хатуужилтай, тэвчээртэй, хүнээс үг сонсдог болгодог. Манай хамаатны ах “Эр хүн болсных Монгол Улсын хил дээр байх сайхан. Эх орноо хамгаалж байгаа гэдгээрээ бахархах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг хамгаалаад явах нь эр хүнд ховорхон тохиолдох боломж гэж боддог.  
 
АЖИЛСАГ БҮСГҮЙЧҮҮД
 
Мөн ахлагч, офицеруудын гэр бүлийг зочид буудлын эрхлэгч, тогооч, халуун усны эрхлэгч, цэвэрлэгч, эрүүл ахуйч гэсэн ажлын байраар хангасан байна. Хүүхнүүдийн хийсэн хоол унд, гар урлалын зүйлс өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Нөхрөө дагаж ирээд ажилгүй байгаа бүсгүйчүүд ч гэсэн “Би ажилгүй” гээд зүгээр суусангүй. Бусадтайгаа нийлж жимс жимсгэнэ, ургамал түүж хатаан эмчилгээнд хэрэглэнэ. Мөн хэн юу чаддагаа нэгэндээ зааж өгдөг байна. Нөхрөө дагаж ирээд ажилтай болж чадаагүй эмэгтэйчүүддээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь анги, байгууллагаас төлөхөөс гадна тэтгэлэг өгдөг гэж байв. Энэ тэтгэлэгт хамрагдахын тулд заавал нөхөртэйгөө хамт байх ёстой. Хэрэв эхнэр нь аймагт байдаг бол хамрагдахгүй боломжгүй гэх мэтчилэн олон сонирхолтой ажил зохион байгуулжээ. Хилийн 0232 дугаар салбарын бүсгүйчүүд 2-18 жил нөхрөө дагаж яваа гэж байв.
 
Харуулын дарга, нохой хөтлөгч, ахлах ахлагч Ч.Алтанцогийн гэргий Л.Бямбацэцэг: АНХ ИРЭЭД БУЦМААР САНАГДДАГ БАЙСАН
 
-Энд ирээд хоёр жил гаран болж байна. Анх хилийн цэргийг мэддэггүй, гайхдаг байсан. Эхний жил уйтгартай, буцмаар санагддаг байсан бол одоо төв суурин газарт байж чадахгүй болсон. Би өмнө нь Мөрөнд МСҮТ-ийн тогоочийн ангийг төгссөн. Анх ирээд зочид буудлын эрхлэгч хийж байгаад анхны хүүхдээ гаргачихаад эргэж  ороод мэргэжлээрээ ажиллаж байна. Хээрийн салбар ялангуяа, хөдөө газрын хүүхэд ханиад хүрнэ гэж байдаггүй юм. Манай энд хүүхдүүд эрүүл өсдөг. Намар болохоор хүүхнүүд жимс болон ховор эмийн ургамалд явдаг. Манай хүүхнүүд намар Хилийн цэргийн үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, борлуулалт сайтай байдаг гэв.
 
Тэд мөн жимснийхээ навчийг түүж, зааврын дагуу хатаагаад алжаал тайлах цай болгож хэрэглэдэг хэмээн бүсгүйчүүд өөрсдийнхөө хийсэн ажлынхаа талаар сэтгэл хангалуун ярьж байв.
 
Үргэлжлэл бий.           
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин