sonin.mn
АСТАНА./TASS/.Казахстаны Актау хотын Назарбаевын нэрэмжит гоц авьяастны сургуулийн 12 дугаар ангийн сурагч Саттигали Жолдасбай хараагүй болон хараа муутай хүмүүст зориулан SMART тоорцгийг бүтээжээ.
 
“Уг тоорцог нь хөдөлгөөн мэдрэгчтэй ба уг мэдрэгч нь ердийн гар утасны чичиргээ үүсгэгч моторт дохио өгдөг байна. Хүн явж байх үед саад урд нь гарч ирсэн тохиолдолд тоорцогны мэдрэгч нь "саад байна шүү" гэж сануулан чичиргээ өгч эхэлдэг” гэж зохион бүтээгч “Казинформ” агентлагт өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.
Сурагчийн ярьснаар, уг төхөөрөмжийн тусламжтайгаар хараа муутай хүн хөдөлгөөнөө өөрчлөх буюу хажуу тийшээ эргэх эсвэл зогсох боломжтой.
 
“Уг бүтээл нь Ардуино /автоматикийн энгийн систем байгуулахад зориулагдсан хэрэгсэл/ бичил хавтан дээр суурилдаг. Миний энэ бүтээл хараагүй болон хараа муутай хүмүүст тус болно гэж найдаж байна” гэж Жолдасбай ярьжээ.
 
Тэрбээр өнгөрсөн оны зун Малайзад хоёр долоо хоногийн тусгай сургалтанд хамрагдсан байна. Залуу зохион бүтээгч Астана хотод болох эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнд оролцож, өөрийн бүтээлээ дэлгэн үзүүлэх аж. Уг үзэсгэлэнд дээр дурдсан тусгай сургуулийн сурагчдын хийсэн бүтээлүүд болох “ухаалаг гэр”, тасалгааны ургамлыг услах автомат систем зэрэг зүйлс тавигдах юм.
 
Назарбаевын нэрэмжит гоц авьяастны сургууль нь 2009 оны 1 дүгээр сард Астана хотод байгуулагдаж байсан бол өдгөө Казахстан улс даяар ийм төрлийн 18 сургууль үйл ажиллагаа явуулж байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг